ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ГХЯ-ны удирдлагуудтай уулзахдаа, тус улс Украины мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах шинэ санал дэвшүүлж байгааг мэдэгдлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Уг саналд Крым, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүс нутаг гэж хүлээн зөвшөөрөх, Украины эвсэлд үл нэгдэх, цөмийн зэвсгээс ангид байх статусыг хадгалах, тус улсыг цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, нацист үзэл суртлын нөлөөнөөс ангижруулах, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах зэргийг тусгажээ. Үүний сацуу хэлэлцээг эхлүүлэхийн тулд Украины тал Донецк, Луганск болон Херсон, Запорожье мужуудын нутгаас цэргээ татах ёстой.
Оросын Ерөнхийлөгч мөн Украины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Украины хууль тогтоомжид дайны байдал зарласан тохиолдолд тус улсын Ерөнхийлөгчийн бус харин Дээд Радагийн бүрэн эрхийг сунгах боломжийг тусгасан байдаг” гэсэн байна.
В.Зеленский саналыг эсэргүүцжээ
В.Зеленский Москвагийн саналыг няцааж, “Путиний тавьсан гал зогсоох болзол бол тулган шаардалт мөн. Энэ саналыг хүлээн авна гэдэг нь газар нутгаа найр тавин өгнө гэсэн үг юм” гэж мэдэгджээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк мөн мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн шинэ санаачилга нь “бодит энх тайвныг тогтоох саналуудыг” агуулаагүй гээд, эвсэлд үл нэгдэх статусыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь “Украиныг хамгаалалтгүй болгоно” гэсэн үг юм гэсэн байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.