Баасан гарагт болсон Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд шинэчлэгч гэгддэг Масуд Пезешкиан, хуучныг баримтлагч Саид Жалили нар бараг тэнцүү тооны саналаар тэргүүлж байна.
Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, 3.9 сая саналыг тоолсны дараах байдлаар Пезешкиан 1 сая 595.4 мянга, Жалили 1 сая 594.9 мянган сонгогчийн дэмжлэгийг авчээ.
2021 оны зургаадугаар сард болсон өмнөх сонгуульд ялж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа Иранд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарласан юм. Сонгуульд дөрвөн нэр дэвшигч оролцсон байна. Ажиглагчид хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд Пезешкианыг ялна гэж таамаглажээ. Тэрбээр барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхийг дэмжигч нэгэн аж. Ираны шашны удирдагч аятолла Али Хаменеи АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг дэмжиж буй “зарим нэр дэвшигчийг” шүүмжилсэн байна.
Ираны Ерөнхийлөгч бол дээд удирдагч аятолла Али Хаменеигийн дараа орох тус улсын хоёр дахь том албан тушаал юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалыг удирдах үүрэгтэй. Тус улсын гадаад бодлогын ерөнхий чиглэл шинэ Ерөнхийлөгч хэн болохоос шалтгаална гэж МОНЦАМЭ мэдээллээ.