Оросын цэргүүд халдан довтолсноос хойш Украин улс тусгаар тогтнолын баяраа гурав дахь удаагаа тэмдэглэх үеэр хоёр тал тус тусын 100 гаруй олзны цэргийг солилцжээ.
Украины талын мэдээлснээр, суллагдсан 115 цэрэг нь хугацаат цэргийн алба хаагчид бөгөөд тэдний ихэнх нь Оросын довтолгооны эхний саруудад олзлогдсон байна. Тэдний дунд Мариуполь хот дахь Азовсталь гангийн үйлдвэрээс Оросын цэргүүдэд олзлогдсон 50 орчим цэрэг байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украины цэргүүд хоёр долоо хоногийн өмнө Орос руу гэнэтийн дайралт хийх үеэр Курск мужид олзлогдсон Оросын 115 цэрэг суллагджээ. Тэдгээр цэрэг одоогоор Беларусьт байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээ хийхийн тулд Орост авчирна гэж тус яам мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн X хуудсандаа бичсэнээр, Оросын цэргүүд халдан довтолсноос хойш явуулсан 55 дахь удаагийн солилцоог АНЭУ дахин зуучилжээ. В.Зеленскийн нийтлэлд хавсаргасан гэрэл зургууд дээр үсээ хуссан, Украины далбааг нөмөрсөн цэргийн алба хаагчид харагдана.
Хоёр талын төлөөлөгчид урт удаан бэлтгэл хийж, дипломат ажиллагаа явуулсны дүнд зөвхөн амь үрэгдэгсэд болон олзлогдогсдыг солилцох үед л уулздаг. Украин, Оросын аль нь ч нийт хэчнээн хүн олзонд байгааг олон нийтэд дэлгэдэггүй.
Энэ оны нэгдүгээр сард Орос, Украины талууд хамгийн том солилцоо хийж, олзны олон зуун цэргийг сулласан юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.