Насны хувьд харьцангуй гайгүй л дээ. 60 хол гараагүй л хүн. Голдуухан халамцуу явах…Гэхдээ хүнд гэмгүй. Хүүхдэд бүр ч хайртай. “Өвөө нь та нарт зайрмаг авч өгье. Хүүхдүүдээс мөнгө ирсэн” гээд тэр хавийн жаалуудыг хуйлруулан байдгаараа инээчихсэн явдагсан. Сүүлийн 100 төгрөгийг ч үлдээлгүй байгаа мөнгөө тараана. Хааяа нүд нүүр нь хавдсан л үзэгдэх…Яагаа вэ? гэж асуувал “Зүгээрээ хана мөргөөд” гэж худлаа ярих…Үнэндээ бол ахмад хүнийг ойлгож хүндлэх сэтгэлгүй хүний үнэргүй залууст цохиулж зодуулдаг байсан юм билээ. Түүнийгээ тас нууна. Хэнд ч муу санадаггүй ховор цайлган, өгөөмөр хүн гэж тэр ахыг л хэлэх байх.
“10 давхарт гарах хэцүү биш ээ. Харин ухаан муутай, тэнэг явбал 10 давхраасаа унах амархан шүү” гэж өөрийг нь тоож ярилцсан хүн болгонд сургана. “Хүүхдүүд минь зам гарахдаа болгоомжтой байгаарай. Утсаа шагайж байж гэнэдэв? Одооны жолооч нар дотор сүнсгүй хүмүүс олон байна” гэж анхааруулна.
Одоо тэр ах алга. Нүгэлт орчлонгоос сүүдрээ татчихаж.
Манай байрныханд түүнийг дурсаж байгаа хүн лав таарсангүй. Тиймээ, муу хүмүүсийн хувьд тэр архичин байсан. Гэхдээ ХҮН байсан юм.
Д.Лхагвадорж