Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн хүмүүс хордлогонд орж эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлүүд шуурхай мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тус салбарт шалгалт хийж дараах дүгнэлтийг гаргасан байна.
НМХГ нь 2019.02.12-ны 16:56 минутад ХУД-т байрлах Таван богд ХХК-ийн “KFC-Зайсан” салбарын хоолны газарт 2019 оны 2 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хоол идсэн 16 хүнд усархаг гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн” гэх мэдээллийг хүлээж авч эрүүл ахуйн тандалт, хяналтыг явуулан цаашид тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.
2019.02.18-ны өдрийн 08 цагийн байдлаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 247, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 42 өвчтөн байна.
1.Тандалт, хяналтаар сэжиг бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ундны ус, ундаа болон 2019.02.09, 10,11,12-ны өдрүүдийн бэлэн боловсруулсан хоолны 39 хяналтын дээж болон тухайн байгууллагын ажлын байр, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор эрүүл зүйн арчдас, орчны агаарын сорьц шинжлэгдэхүүн болон нийт 94 сорьцыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан.
2. Тус газрын үйл ажиллагааг 2019.02.12-ны өдрийн 19 цагаас үйл ажиллагааг зогсоож, үлдэгдэл хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгаж, ажлын байр, тоног, төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийлгүүлсэн болно.
3. Уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, бодит хохиролын хэмжээг тогтоох, зөрчил гаргасан байгууллагад шийтгэл оногдуулах зэрэг ажиллагаанууд хийгдэж байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал:
1. Тус салбар 35 ажилчинтай, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх үзлэгт хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтаны гарын үсэг, тэмдэггүй, зурган дээр тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй нь ЭМС-ын 2017 оны А/145 тоот тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ыг ноцтой зөрчсөн;
2.Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан;
3.Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй, холбогдох бүртгэл хөтлөөгүй;
4.Үйл ажиллагаандаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөгдөөгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэг;
5.Хоол үйлдвэрлэлд оролцдог ажиллагсад нь сургалт эрхлэх эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй;
6. Эрүүл ахуйч эмч томилж ажиллуулаагүй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.
Лабороторийн шинжилгээний дүнгээр:
1. ХӨСҮТ-өөс өгсөн Эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр 4 өвчтөн, 2 хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх сорьцонд Шигелийн төрлийн нян илэрсэн. \Shigella spp\
2.НМХГ-ын Төв лабороторийн сорилтын дүнгээр ундны усанд бичил биетэний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152, Klebsiella spp тус тус илэрсэн. Мөн “Seven up” нэрийн ундаанд E.coli илэрсэн.
Өвчний талаар /Shigella spp/: Цусан суулгын өвчний нууц үеийн хугацаа нь 6 цагаас 7 хоног байдаг тул энэ хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдэх боломжтой.
Өвчний эх уурхай: Өвчний цочмог болон балархай хэлбэрээр өвдсөн өвчтөн, нян тээгч.
Дамжих зам, механизм: Өтгөн-мөр, амаар хоол хүнс, ус, ахуйн хавьталаар халдвар дамжина.
Өвчин үүсгэгч гадаад орчинд өтгөнөөр гадагш гарч газрын хөрс, ус, ахуйн ба үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд байгаад бохирлогдсон ус, хүнсний зүйлтэй хамт өртөмтгий бие махбодид амаар орж халдварлуулдаг.
Өвчтэй, нян тээгч ажилтнуудын бохирдуулсан эд зүйл, хүнсээр дамжиж шигеллийн үүсгэгчээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан халдварт өвчний дэгдэлт гарсан гэж үзэх боломжтой байна.
Дүгнэлт:
Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, тандалтаар дээрхи өвчний клиник шинж тэмдэг, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр 4 өвчтөн, 2 хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтануудаас авсан нян тээгч илрүүлэх шинжилгээний дүнгээр Шигелийн төрлийн нян илэрсэн, тус салбар нь хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүй, дотоод хяналт сул байгаагаас хоол хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон байна. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхнээс хууль, дүрэм, журмаа мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.