Өнөөдөр хотын дарга С.Батболдын шийдвэрээр “Голомт банк” ХХК, “Болд энэрэл өргөө” ХХК, “Жи жи эй” ХХК -иудын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болголоо.
“Голомт банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны “Нархан” хотхоны хойд талд байрлах 504 м² газрыг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Жэй кэй си” ХХК-с шилжүүлэн авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай болох ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд эзэмшигч нь энэ газар дээрээ мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүйг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэх зурвасын хамгаалалтын хашааны зүүн урд талд байршуулан иргэн Э-д 4.0 га газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшилд байгаа газруудтай давхцуулан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр эрх олгосон, улмаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Болд энэрэл өргөө” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг болон бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар захирамжийн хавсралтын “Болд энэрэл өргөө” ХХК-д холбогдох “2” дахь хэсгийг тус тус хүчингүй болгож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа. Хотын дарга цаашид ч хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэх гэнэ.