-Инээмсэглэж чадахгүй бол наймаа бүү хий-
Найз маань Камбож улсыг зориод иржээ. “Байгалийн баялаг гэхээр зүйлгүй. Гэхдээ аялал жуулчлалаар хангалттай түвшинд хөгжиж байгаа юм байна. Худлаа сонсоогүй бол жилд 5-6 сая жуулчин авдаг гэв үү дээ” хэмээн нэгийг бодсон янзтай өгүүлсэн юм. Үнэндээ ч манай Монголын хувьд жуулчдын нүд, сэтгэлийг баясгах үзэсгэлэнт байгальтай улс. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг төрийн бодлого болгож, урт хугацааны хөтөлбөр баталж, тэр дагуу дэд бүтцээ сайжруулахаас эхлээд далайцтай ажил зохиовол боломж байгаа. Даанч жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж ярихаас хэтрэхгүй юм даа. Салбарын сайд нь одоогоос жилийн өмнө жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Тэр зорилгоо хангахын тулд хий хоосон ярих биш үр дүнтэй ажил хийх цаг болжээ. Ганцхан сая жуулчин уг нь тийм ч бүтэшгүй мөрөөдөл биш шүү дээ. Хийх л хэрэгтэй.
Түүнээс гадна жуулчдыг татахын тулд хот, хөдөө гэлтгүй ядаж инээмсэглэж сурах хэрэгтэй байгаа юм. Өнгөрөгч зун наадмаар ирсэн нэгэн жуулчин “Юмаа зарж байж уурладаг хүнийг Монголд л харлаа” гэж цахим хуудсаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Худалдаа, үйлчилгээний соёл жижиг том гэлтгүй бүхий л дэлгүүр, баар, ресторанд ажиглагддаг.
Шинэ жилийн өдөр юм даа. “Архи авч байж надтай аятайхан харьцаарай” хэмээн худалдан авагчаа загнаж, олны өмнө эвгүй байдалд оруулах кассчинг цөөнгүй жил үйл ажиллагаа явуулж буй сүлжээ дэлгүүрт харж л байлаа. Нөгөө хүн нь “Баярын өдөр хамаг “настр” унагаад, худалдаа хийх сонирхолгүй болгочихлоо” хэмээн их л гонсгор гарч явж билээ.
Орон сууцны нэг давхарт байдаг эмийн сан руу орвол эмийн санч бүсгүй хөмсгөө зангидан, уурласан мэт харагдана. “Хоромхон” гэдэг тосон түрхлэг байна уу? хэмээн асуувал “Зургаан мянга” гэж дурамжхан өгүүлээд хэрэглэгч над руу огт харахгүй юм. “Үзье” гэвэл “Байдаг л тос ш дээ” хэмээн уцаарлах нь гайхмаар. Ийм үйлчилгээтэй газраас хүн сэтгэл хангалуун гарах уу? Дахиж орох уу?
Бас нэлээд нэртэй сүлжээ эмийн санд эмийн санч эмэгтэй нь гэнэт шүгэлддэг байгаа. Үүдэнд суугаа кассчин бүсгүйг дуудаж байгаа нь тэр гэнээ. Гараад явчихмаар санагдсаныг нуугаад яахав. Энэ мэт хэрэглэгч орж ирж байхад мэндэлж угтах нь бүү хэл утсаар ярих, бохь зажилах, үл тоомсорлон дуугарч ядах, тэр ч бүү хэл хээв нэг хумсаа авах, өндөр дуугаар зандрах зэрэг үйлчилгээний наад захын соёл мэдэхгүй хүмүүс гадна, дотнын хэнд ч таалагдахгүй! Гадагшаа явж байгаад эх орондоо ирэхэд хүмүүсийн харилцаа, хандлага, худалдааны газруудын байж байгаа царай хамгийн түрүүнд содон тусч, бухимдуулдаг нь нууц биш.
Сая дурдсан хоёр гуравхан жишээ бол өнгөц харахад хоёр хүний жижигхэн маргаан юм шиг харагдавч худалдаа, үйлчилгээний байгууллагын хувьд маш том асуудал, бүр яаралтай засах ёстой бүдүүлэг алдаа. Яг ийм хандлагаар гадаадын жуулчидтай харилцвал тухайн худалдагчийн биш Монгол орны л нэр гарна. Дахиж ирэх хүслийг нь унтраана. “Хэрэглэгч та Хаан” гэдэг чинь зүгээр нэг уриа лоозон төдий зүйл биш зах зээлийн ухагдахуун юм шүү дээ. Харилцаа бол хамгийн том маркетинг гэдгийг ажилтан нэг бүртээ ойлгуулах нь бизнес эрхлэгчдээс гадна төрийн байгууллагуудад ч хамаатай. Аливаа бизнес харилцаан дээр суурилдаг гэдгийг яс махандаа тултал ойлгохгүйгээр бизнес хийнэ гэвэл санасны гарз. Аялал жуулчлалын улирал эхэллээ. “Инээмсэглэж чадахгүй бол наймаа бүү хий” гэдэг үг бий! Хөмсгөө зангидсан хүйтэн үйлчилгээ ичээх вий!
Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
Some social media mangers have even added hunting for items to their daily duties how to take priligy