Монгол Улсын эдийн засгийн түчээ болсон томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр өгсөн ярилцлагадаа “…Улсын онцгой комиссын шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Ер нь бол бидний үйл ажиллагаатай холбоотой хоёр нөхцөл байдал үүсдэг. Ямар ч оны 12 болон 1 дүгээр сард нүүрсний экспорт багасдаг. Яагаад гэвэл өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хараад БНХАУ-ын тал дараа жилийн нүүрсний экспортын хэмжээгээ тогтоодог. Энэ нь сар орчим үргэлжилдэг. Ийм учир 1 дүгээр сарын экспорт харьцангуй бага байдаг. Харин экспорт 2 дугаар сарын дундаас эхлээд нэмэгддэг. Одоо нэмэгддэг үе л дээ, уг нь. Хятадын тал “Энэ жил төдөн сая тонн нүүрс экспортоор авна, үүнээс төдөн хувь нь коксжих нүүрс, төдөн хувь нь эрчим хүч” гэх мэтээр квот тогтоодог. Квот нь 2 дугаар сарын 15-наас хойш тавигдаад явдаг. Энэ жилийн нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Коронавирустай холбоотой хилийн хориг тавих нь үндэсний эрх ашиг учир бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 2 дугаар сарын 15-наас хойш нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг бид авна. Яагаад гэвэл, манайх хоёр хэлбэрээр явагддаг. Цагаан хадан дээр овоолж цагаалга хийдэг. Өөрөөр хэлбэл, манай гаалийн хяналтын бүсээс худалдаж авсан компани Цагаан хадан дээр аваачиж овоолго хийдэг. Гаалийн хяналтаас аваад гарахад орлого нь төсөвт орж байдаг, экспортод гарснаараа биш. Энэ талаасаа эхний орлого тасалдахгүй явж байгаа. Харин богинын тээвэр зогсохоор экспорт зогсоно. Харьцангуй Цагаан хадны овоолготой холбоотой орлого маань багасна. Гуравдугаарт, үнийн асуудал. Үнэ харьцангуй тогтвортой явж байсан. Гэхдээ 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл үнэ унасан. 12 дугаар сард гайгүй явж байгаад он гарсны дараа коронавиурстай холбоотойгоор үнэ унасан. Гэхдээ үнийг тогтвортой барихын тулд бид экспортын бодлоготой уялдуудаад үнийн бодлогоо зөв бариад явж байгаа учир одоохондоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон хамаарал бүхий компаниудад орлогын алдагдалтай байдал харьцангуй бага байна. Удаан үргэлжилбэл мэдээж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд, үүнийг дагаад манай компанид ч таагүй нөлөөлөх боломж бий” хэмээн онцоллоо.
Д.Бат