Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнийг Улсын комисс өнөөдөр өглөө зарлалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2020 оны гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Францын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Бид коронавирусийн халдвар байна гэж үзэж байгаа. Одоо давтан шинжилж, баталгаажуулна. Энэ хүн ирээд Дорноговь аймагт ажиллахаар явсан. Эхлээд уулзсан 42, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг Улсын онцгой комиссоос өгч байна. Ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагынхан хийх ёстой. Бид шөнийн 02:00 цагаас эхлэн ажиллаж байна. Хаана очсон, хэнтэй уулзсан зэргийг камер шүүх замаар олж тогтоож байна. Улмаар эхний ээлжинд очсон газруудын ариутгаж байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан. Сорьцыг авчирч шинжлээд, урьдчилсан байдлаар ХӨСҮТ-ийнхөн коронавирус илэрсэн гэж үзсэн. Улмаар 04:00 цагт ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь руу явсан. Эмч нарын баг тухайн иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна гэдэг мэдээлэл өгч байна’ гэлээ.
Улсын онцгой комиссын мэдээлж байгаагаар манай улсад уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн нь тодорхой байна. Хамгийн гол нь халдвар тээж ирсэн Франц улсын иргэнтэй хамт онгоцоор ирсэн, мөн ойр байсан хүмүүсийг нэн яаралтай олж илрүүлэхгүй бол энэхүү цар тахал маш богинохон хугацаанд хүрээгээ тэлэх аюул байгаа юм. Тухайн иргэнтэй хамт ирсэн иргэд ч хуулийн байгууллагын ажилд хүндрэл учруулалгүй сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй болоод байна. Мөн УОК-ийн шийдвэрээр Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо. Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой боллоо.
Д.Дорж