Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу өнөөдөр албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг.
Монгол ахан дүүс ээ, бид УИХ-ыг сонгон байгуулах хариуцлагатай цаг үетэй учран золгож байна. Миний бие гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг, шударга ёсны төлөө тууштай тэмцдэг Ерөнхий сайд байна. Би улсынхаа унасан эдийн засгийг хөл дээр нь босгож, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байна” гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ зарчим байр сууринаасаа нэг ч алхам ухралгүй чанга, хатуу байж бүхий л боломжоо дайчилж ирлээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсын амьдрал ямар байсныг бид мартах учиргүй. 2016 онд дэлхий нийтэд дампуурлаа зарлах хэмжээнд очсон. Зүйрлэж хэлбэл улсын эдийн засаг сэхээн амьдруулах, эрчимт эмчилогээний тасагт хэвтсэн, төр засаг нь талцан хямарсан, орд баялаг өмч хөрөнгөө олигарх бүлэглэлүүдэд алдсан, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан, төр улсдаа итгэх олон түмний итгэл алдарсан, төрийн сүлд бөхийж түмний нуруу хойтойсон хүнд хэцүү цаг үе байсныг та бид бүгдээрээ санаж байгаа. Ийм хүнд нөхцөлөөс ямар аргаар гарах вэ, ард иргэдийн амьжиргааг хэрхэн өөдөө татах вэ, цалин мөнгө тэтгэвэр тэтгэмжийг яаж нэмэх вэ, эдийн засгийн уналтыг яаж зогсоох вэ, гадаад улс орнуудаас авсан асар их өр шир, бондыг яаж төлж барагдуулах вэ, төсөв санхүүгийн сахилга батыг яаж сайжруулах вэ, нийгэмд шударга ёс дэг журмыг хэрхэн яаж тогтоох вэ гээд шийдэх ёстой олон арван тулгамдсан асуудалтай улсын Ерөнхий сайд, манай нам, Засгийн газар нүүр тулж байсныг тод санаж байна.
Тэгвэл өнөөдөр нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагын дэг журмыг тогтоох, төсөв санхүүгийн чанга хатуу бодлого явуулсны үр дүнд эдийн засгийн өсөлт зургаа дахин нэмэгдэж 7.3 хувьд хүрч өслөө.
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж манай ардын сургаал үг бий. Үртэй хүн жаргалтай, өргүй хүн баян гэж ардын сайхан үг ч бий. Өнгөрсөн хугацаанд Чингис, Самурай зэрэг гадаад дотоодын өр зээл, бондын 8.5 их наяд төгрөгийн өр ширийг дарж барагдууллаа.
Үүний зэрэгцээ Монгол Улсын анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийн хуримтлалыг “Ирээдүй өв” санд бий болголоо. Бид үр хүүхэддээ өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байна. Улсын эдийн засаг ч өндийн босож байна.
2019 онд 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Гадаад худалдааны эргэлт түүн дотроо экспортын хэмжээ 2018, 2019 онуудад дээд хэмжээндээ хүрсэн амжилттай жил байлаа. Гадаад валютын нөөц дөрөв дахин нэмэгдэж, 4.2 тэрбум ам.доллар хүрлээ. Энэхүү ололт амжилт, ахиц дэвшлийг хамтдаа бүтээлцсэн нийт бизнес эрхлэгчид, татвар төлөгчиддөө гүн талархал илэрхийлье. Цаашид ч ажлын байр бий болгож, төрийн хуулийг хүндэтгэн шударгаар хөдөлмөрлөж байгаа баялаг бүтээж буй ААН, бизнес эрхлэгчидээ Монголын төр бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Манай Засгийн газар энэ хугацаанд газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан уахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг номын сан, музей, театр, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламж, автозам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн 30 жил яригдсан манай улсын эдийн засагт өндөр үр өгөөж өгөх ОХУ, БНХАУ, Монголыг холбосон байгалийн хоолойн бүтээн байгуулалтын ажил ч эхэллээ. Ингэснээр манай улс мөнхийн хоёр хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн хуудсыг нээж байна.
Өнгөрсөн хугацаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч улс эх орныхоо язгуур ашгийг нэн тэргүүнд тавьж улс орныхоо бүтээн байгуулалтын томоохон бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай байж нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж ирснийг төрийн сонгууль эхэлж буй энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Улсын эдийн засагт ололт амжилт гарч байгаа ч ард иргэд, үр хүүхэд, залуу үеэ соён гэгээрүүлэхийг сүүлийн хэдэн арван жил орхигдуулжээ. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Төв номын санг шинээр барьж байгуулах ажил эхэллээ. Цаашид ч бид төрт ёсны түүхэн уламжлал, эх оронч үзэл, үндэсний урлдаг, хэл бичиг, түүх шастир, үнэт зүйлээ хадгалан хамгаалж сурталчлан таниулахаар соёл урлагийн бодлого соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Соёлын яамыг шинээр байгуулахаа мөрийн хөтөлбөртөө зарлалаа.
Нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажил хийлээ. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан хүүхдийн мөнгө, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Алдагдсан байсан Салхитын ордоо улсдаа эргүүлэн авч эдийн засгийн эргэлтэд оруулан эх орныхоо төлөө залуу халуун насаа зориулсан азай буурал ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн өрийг ч тэглэлээ. Энэ бол Монгол хүн эх орондоо баялагтаа, газар нутагтаа эзэн болж байгаагийн эхлэл юм.
Сүүлийн 20 жил улстөржиж хийрхсэн, олон мянган хүүхэд, ард иргэдийн амь нас эрүүл мэндийг авч одсон, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан Улаанбаатарын утааг өнгөрсөн жил 50 хувь бууруулж чадлаа. Энэ жил сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар ирэх жилүүдэд нийслэл хотын утааг 80-90 хувь бууруулна. Ирэх дөрвөн жил Налайх, Багануур, аймгийн төвүүдийн утааг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Утаанбаатар гэж цоллогдож байсан нийслэл хотоо Улаанбаатар хот болгон эргүүлэн авчрах их үйлсийн төлөө зориг гарган зүтгэсэн бидний зүтгэлийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан ард түмэн, нийслэлчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Цаашид төрөлх сайхан нийслэл хотоо Азийн цагаан дагина болгохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэцгээе.
Эрхэм хүндэт иргэд, сонгогчдоо Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигарх, бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захилга. Энэ бол улсын аюулгүй байдал. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл гэж би ойлгодог.
Энэ тэмцлийг манай иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цуглаж шударга ёсны салхийг сэвэлзүүлснийг та бид санаж байгаа. Тэр үед бид ядарч байна, өлсөж цангаж байна, цалин мөнгө тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүл гэж огт шаардаагүй. Тэд ганцхан зүйлийг шаардсан нь шударга ёс. Шударга сайхан нийгэмд л амьдрахыг ард түмэн минь хүссэн юм. Тэд баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг хүссэн юм. Тэд ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Улс төр бизнесийг бүлэглэлд хууль бусаар алдагдсан Монголын ард түмний өмч болох Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг байгалийн баялгаа бид төрдөө, улсдаа эргүүлэн авлаа. Цаашид ч бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.