Ардын хувьсгалын партизануудын үр хүүхэд өдгөө цөөн үлджээ. Тэдний нэг болох Ойдовын Отгонжаргал эдүгээ Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аж төрж байна. Шинэ Монгол улсыг байгуулах үйлст амь биеэ үл хайрлан Ардын журамт цэргүүдтэй мөр зэргэцэн тулалдаж явсан эх оронч дайчны үр хүүхэд гэдгээрээ бахархаж явдаг энэхүү бууралтай Улсын шилдгийн шилдэг ахмадын байгууллага-Сэлэнгэ аймгийн ахмадын хорооноос Ардын хувьсгалын 100 жил, Монголын ахмадын байгууллагын 90 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бид партизаны үр сад“ сэдэвт “Сэлэнгэ” бүсийн спорт урлагийн бага наадмын эхний арга хэмжээний үеэр танилцсан юм. Залуу халуун насаа хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжилд зориулсан анхны тариаланчдын нэг О.Отгонжаргал гуайн хөдөлмөр бүтээлийг үнэлж “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулсан байна.
–Таныг “Бид партизаны сад” хэмээх сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсонд “Сэлэнгэ” бүсийн ахмадууд ихэд баяртай байгаа нь харагдлаа. Эхлээд манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би уг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат хүн. 1961 онд Зэлтэрийн сангийн аж ахуйг зорин ирж жолоочийн сургуульд орж байлаа. Жолооны сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хоёрдахь жилдээ ажиллаж байтал цэрэгт татсан юм даг. 1974 онд халагдаад Зэлтэрийн сангийн аж ахуйд буцан ирж ажилласан. Атрын хоёрдугаар аян эхэлсэн үе байсан болохоор сангийн аж ахуйд жолоочоор ажиллахаар шийдсэн хэрэг л дээ. Залуу ч байж ёстой л ядрахыг мэдэхгүй л зүтгэж явлаа. Ажил их. Гэрийн бараа харах нь ч ховор. Тухайн үед манай улс хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх бодлого дэвшүүлж байсан нөр их ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын үе байсан болохоор улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулая гэж чин сэтгэл гарган зүтгэх залуус олон байсан даа. Ухамсартай ч байж дээ. Ажлаас хойш сууна гэсэн ойлголт байхгүй. Тэр хэрээр төр засгаас ч тариаланчдаа их дэмждэг байсан юм. Тийм их өрнүүн их ажлын үр дүн гарч манай улсад газар тариалан, улмаар гурилын үйлдвэр хөгжсөн юм шүү дээ. Дагаад улс орны хөгжил шинэ шатанд гарч, ард түмний амьдрал ахуй ч сайжирч байлаа. Тэр түүхэн их үйлсийг бүтээхэд чадах чинээгээрээ гар бие оролцож, хувь нэмрээ оруулж явсан гэж бодохоор сайхан байдаг юм.
-Газар тариалан гэдэг цоо шинэ салбар үндэс сууриа тавьж байсан тэр их хөдөлмөрийн үед ажилгүй хүн ховор байсан биз? Одоогийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Намайг залуу байхад ажилгүй хүн бараг байгаагүй. Ажилгүй хүнийг тэр дор нь ажилд оруулдаг байсан. Би Атрын 2, 3 дугаар аяныг үзсэн. Одоо 4 дүгээр аяны чимээ гарч байгаад туйлаас баяртай байна. Тэр үеийн техникийн бодвол одоогийн техник мундаг болж. Тариа тарих, хураахад саад алга. Гагцхүү ажиллаад л байх хэрэгтэй. Одоогийн зарим залуус залхуу хойрго болсон шиг санагдах юм. Болж л өгвөл амар хялбар аргаар мөнгө олох санаатай. Ихэнх нь дарга болох гээд дээд сургууль руу хошуурах юм. Буруу ч биш байх. Гэхдээ бүгдээрээ мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас зугатаад байхаар хэн баялаг бүтээх юм бэ? Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг чинь яах аргагүй үнэн үг шүү. Үүнийг л одоогийн зарим залуус сайтар ойлгох хэрэгтэй. Бидний эцэг өвгөд ямар их зүйл бүтээж байгуулж байсан бэ гэж бахархах, үлгэр дууриал авах, залгамжлах сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Намайг залуу байхад хүмүүс үнэхээр цаг наргүй ажилладаг байсан. Ёстой л ажил хөдөлмөрийн төлөө төрсөн улс байсан даа. Тийм хүмүүсийг харахаар зүгээр сууж чаддаггүй юм билээ. Хойшоо суух, амрах тухай бодол байхгүй, адилхан л хийхийг боддог байсан. Машин техник эвдэрлээ гэхэд шөнөөр ч хамаагүй Цагааннуур хүртэл явж сэлбэг хайдаг байсан. Өнөөдөр газар тариалангийн машин механизмын хүчин чадал нь сайжирч. Ийм үед ажиллаад л байх хэрэгтэй. Би Зил-130 машинтай байсан. Тариа зөөдөг, үрсэлгээнд ч явна. Өөр ч ажилд дайчлагдана. Тэглээ гээд огт шантарч байгаагүй. Залуустаа дахин дахин хэлэхэд энэ улс орны ирээдүй та нарын гарт байгаа шүү, цагийг хэрэгцээгүй дэмий зүйлд битгий үр гэж л захих байна. Чи эх орондоо хайртай л юм бол ажил хийгээрэй.
–Таны аав Ж.Ойдов гуай Ардын хувьсгалын анхны партизан байсан гэдэг. Аавынхаа тухай яриач?
-Миний аав Жамаагийн Ойдов 1902 онд төрсөн. Ах дүү гурван партизаны нэг. Хоёр ах нь цэрэгт татагдаад явахад 19 настай аав маань араас нь журамт цэрэгт ачаа хүргэх гэж очоод цэрэгт элссэн гэдэг. Хоёр ахыг нь Зинамидар, Рагчаа гэдэг байсан юм. Аав маань 1966 онд 66 насандаа бурхан болсон. Би тэр үед цэрэгт байлаа.
–Ардын хувьсгалын партизан хүн тулалдаанд орж байсан талаараа ярьдаг байсан уу?
-Ярьдаг л байсан. Бага залуу байсан болохоор би заримыг нь мартаж. Тэгээд ч аав маань даруухан хүн байсан. Цэргийн гавьяаны одон, “Халх гол”, “Бид ялав” гээд олон медаль хүртэж байсан юм билээ. Хиагтыг чөлөөлсөн байлдаанд оролцож байсан тухайгаа ярьдаг байлаа. “Партизаны дурдатгал” гэдэг номд ах дүү гурван партизаны тухай бий. “Дайны үед ил гал түлж хоол идэж болдоггүй. Гурил зуураад сугандаа хавчуулж бүлээсгэж байгаад иддэг байлаа” гэж ярьж байсан санагдана. Утаа гаргахаар байршлаа мэдэгдүүлнэ гэж тэгдэг байсан болов уу. Бас “Хадны завсраар буудалцаж байтал чулуу бутраад уруул амыг нь сэтэлж байсан. Хадны ард хамаагүй нуугдаж буудалцаж болдоггүй юм билээ” гэж ярьж байсан. Журамт цэргийн л үеийн дайны тухай өгүүлж суусан нь санаанд үлдэж. Манай аав хүдэр бахим биетэй, их бяртай хүн байсан. Ямар ч ажлыг голохгүй хийнэ. Олонтой бай, ажил хөдөлмөр сайн хийж бай, хүнийг том, бага, дээр дор гэж бүү голж бай гэж захьдаг байж билээ. Аавынхаа үг сургаалиар л явж ирлээ дээ.
-Ардын хувьсгалын партизан гэхээр яах аргагүй жанжин Сүхбаатарын тухай бодол орж ирлээ? Сүх жанжины тухай ярьдаг байсан уу?
-Тэрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан жанжин Сүхбаатар их өндөр зэгзгэр, сэлмийн эрдэмд гарамгай хүн байсан гэдэг. Манай аав болохоор Пунцаг жанжин гэдэг хүний удирдлага дор байсан юм билээ. Мэдээж Сүх жанжинтай уулзаж байсан байх. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох гэж байна. Сэлэнгэ аймгийн ахмадын хорооноос энэ их ойг угтаж “Бид партизаны үр сад” хэмээх сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад туйлаас баяртай байна. Өнөөдөр партизануудын төрсөн хүүхэд цөөхөн үлдсэн биз ээ. Манай аав хамгийн залуу партизан гэдэг байсан. Би 74 нас хүрчихээд байхад партизаны төрсөн үр хүүхэд цөөхөн үлдсэн байх гэж боддог. Өвгөн ах нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайхран тэмцэж явсан эх оронч партизаны үр хүүхэд нь болж төрсөндөө омогшиж явдаг даа.
–Ярилцсанд баярлалаа. 100 насалж, зургаадай таяг тулахын өлзийтэй ерөөлийг “Ахмад үе” сониныхоо уншигчдын өмнөөс хүсэн ерөөе.
Д.Лхагвадорж