Дэлхийн хэмжээнд бөхийн чөлөөт барилдаан маш олон жилийн түүхтэй спорт. Харин манай монголчуудын хувьд энэхүү бөхийн өвөрмөц үндэс суурь 1960-аад оноос л тавигдсан билээ. Тэгэхлээр маш богино хугацаанд амжилт гаргана гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ анхны секц байгуулагдсанаас хойш ердөө л 4-5 жилийн дотор манай чөлөөтийнхөн олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингээд Монгол орон дахь чөлөөт бөхийн үүсэл хөгжил, анхны амжилтын талаар сонирхуулъя.
Монгол оронд чөлөөт бөх үүссэн нь
1959-1960 онд ЗХУ-д (хуучнаар) биеийн тамирын багшийн мэргэжил эзэмшсэн Д.Дамдинсүрэн гэдэг хүн Төмөр замын техникумд чөлөөт бөхийн анхны секц байгуулав. Үүгээр манайд чөлөөт бөхийн түүх эхэлсэн гэж үздэг. Энэ клубын анхны тамирчид гэвэл Д.Хангай, Н.Улаан, Д.Сийлэгбазар, С.Саранням, Б. Сүхбаатар, О. Цэрэндагва нар юм.
1960 онд ЗХУ-аас (хуучнаар) Ю.И.Гостинчиков гэдэг хүн ирснээр анхны албан ёсны секц Спортын төв ордонд байгуулагдлаа. Гэхдээ жинхэнэ орчин үеийн бөхийг хөгжүүлэх аргачлалыг Болгарын бөхчүүд боловсруулж өгчээ. 1961онд Болгарын гавьяат дасгалжуулагч доктор, профессор Райка Петров Монголд ирж барилдааны ур чадварт суралцах ухааны эхлэлийг тавьж өгсөн байна. Түүгээр ч барахгүй манай улсын найман бөх зургаан сарын сургалтад хамрагдахаар Болгарт уригджээ. Энэ бүрэлдэхүүнд Ч.Бээжин, Ж.Мөнхбат, Т.Зундуй, Б.Сүхбаатар, Б.Цэрэн, Ч.Санжаа, О.Цэрэндагва нар орсон байна. Харин тэднийг нутагтаа буцахад анхны мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэж өгөх зорилготойгоор О.Цэрэндагвыг Болгарт үлдээжээ. Ийнхүү манай анхны шигшээ баг байгуулагдлаа. Улмаар 1961 оноос Улаанбаатар хотын аварга, 1963 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах болжээ.
Олон улсын тэмцээнд анх оролцсон нь
1963 онд Унгарт болсон социалист орнуудын армийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож олон улсын тэмцээний салхиа хагалав. Уг тэмцээнд Ц.Санжаа, Б.Цэрэн нар хүрэл медаль хүртжээ. Энэ бол манай тамирчдын олон улсын тэмцээнээс авсан анхны медаль гэдэг утгаараа одоо ч үнэ цэнэтэй байгаа билээ. Харин анхны мөнгөн медалийг Б.Сүхбаатар 1964 онд Румыны Бухарест хотноо болсон олон улсын тэмцээнээс хүртэв.
1967 онд Германы Берлинд болсон Зеелинбургийн олон улсын тэмцээнд оролцсон баг тамирчдаас Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Д.Сэрээтэр нар жин тус бүрдээ түрүүлж, Монголын “чөлөөтийнхний” түүхэнд олон улсын тэмцээнээс анхны алтан медаль авсан тамирчдаар бичигдэв.
Шигшээ багийн анхны дасгалжуулагч
О.Цэрэндагва олимп, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон сайн залуусыг бэлтгэн оролцуулсан гавьяатай хүн гэж мэргэжлийн спортын байгууллагын аль ч үеийнхэн хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр 1960 онд олон улсын шилэгдмэл шүүгч, 1968 онд БНМАУ-ын гавьяат дасгалжуулагч болжээ. Мөн олон улсын анхны хүндэт шүүгч, FILA-гийн “Алтан загалмай” одонгоор шагнагдаж байжээ.
Олимпийн наадамд анх оролцсон нь
Манай улс 1963 онд Олон улсын олимпийн хорооны гишүүн боллоо. Ингээд өөрийн эрхийн дагуу 1964 онд Японд болсон олимпийн 18 дугаар тоглолтод анх удаагаа оролцсон байна. Чөлөөт бөхийн тамирчдын хувьд Ч.Дамдиншарав (52 кг), Б.Сүхбаатар (57 kг), Б.Санжаа (63кг), Д.Сэрээтэр (70 [кг), Ж.Мөнхбат (78 кг), Х.Баянмөнх (87кг), Ц.Санжаа (-97 кг), О.Эрдэнэ-Очир (+97 кг) нар дасгалжуулагч О. Цэрэндагвын хамт анх удаа олимпийн дэвжээнээ дэлхийн хүчтэнүүдтэй гар зөрүүлэх болов. Гэвч амжилт үзүүлж чадсангүй. Анхны оролцсон олимп болохоор ч тэрүү туршлага сул, орчин үеийн барилдааны тактик боловсронгуй биш байсан биз ээ. Тэр олимпт Ч.Дамдиншарав долоо, Ж.Мөнхбат есдүгээр байрт шалгарсан нь хамгийн сайн амжилт үзүүлсэнд тооцогдож байлаа. Энэ тэмцээнд:
Ч.Дамдиншарав:
Эхний тойрогтоо Цейлоны бөх Э.Фернандыг, хоёрдугаар тойрогтоо Германы Ф.Неффийг цэвэр ялж, гуравдугаар тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Али Алиевт оноогоор, дөрөвдүгээр тойрогтоо Европын аварга Туркийн Янилазд цэвэр ялагджээ.
Ж. Мөнхбат:
Нэгдүгээр тойрогтоо Д.Бойл (Австрали), хоёрдугаар тойрогтоо Векови (Итали)-ийг, гуравдугаар тойрогтоо Д.Фини (Ирланд)-ийг оноогоор тус тус ялж, дөрөвдүгээр тойрогтоо дэлхийн аварга Туркийн И.Оганд торгуулиар ялагджээ. Ингэж жиндээ / 22 бөхөөс/ есдүгээр байр эзлэв.
Ийнхүү манай бөхчүүд тус олимпт 21 удаа барилдаж долоо ялж, 14 ялагдсан байна. Энэ удаагийн олимп монголчуудад асар том сургамж өгсөн гэдэг. Юутай ч дараагийн олимпт бэлтгэх улсын чанартай ажил эрчимтэй явагдаж эхэллээ.
Ж.Мөнхбат нэг ч ялагдаагүй ч олимпийн мөнгөн медаль хүртэв
1968 оны Мексикт болсон зуны XIX дүгээр олимп. Энэ удаагийн олимпт 1965-1967 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргууд оролцсон гэдэг утгаараа маш өрсөлдөөнтэй тэмцээн болох нь тодорхой болоод байлаа. Гэтэл Мексик нь далайн төвшнөөс дээш 2200 м өндөрт байрладаг улс бөгөөд өндөр уулын бүсэд барилдахад хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлал өндөртэй ажээ. Цөөнгүй орны эрдэмтэд ч олимпийн өмнө томоохон анализ хийж эхэлсэн байна. Хойд хөршийн бөхчүүдийн хувьд Кавказын ууланд бэлтгэл хийхээр болоод байлаа. Манайхан ч тэдний жишгээр энэ удаагийн олимпт шинжлэх ухааны үндэслэлтэй хандах болжээ. Улмаар бөхийн чөлөөт барилдааны тамирчин Т.Артаг, Х.Намшир, дасгалжуулагч С.Магсар нар Мексик улсыг зорьж 35 хоног туршилтын шинжтэй бэлтгэл хийжээ. Эцэст нь Монголын бөхчүүдийг тодорхой өндөр уулын нөхцөлд бэлтгэл хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийснийг төр дэмжиж Отгонтэнгэр ууланд 45 хоногийн бэлтгэлд гаргав. Энэ ажилд улсын арслан Сосорбарам, Хайдав, заан Төвшин зэрэг 30 гаруй бөх туслажээ. Чөлөөтийн шигшээ багийнхан маань бэлтгэлээсээ бууж ирээд ердөө нэг хоноод Мексик рүү нисчээ. Одоо ганцхан бөхчүүдийнхээ бэлтгэлийн үр дүнг болон бие организм нь өндөр уулын агаарын даралтад хэр дасан зохицсоныг нь харах үлдлээ.
Ч.Дамдиншарав (52 кг), Б.Сүхбаатар (57 кг), Ц.Нацагдорж (63 кг), Ц.Намжил (67 кг), Д.Сэрээтэр (70 кг), П.Дагвасүрэн (78 кг), Т.Артаг (78 кг), Ж.Мөнхбат (87 кг), Х.Баянмөнх (-97 кг), Ө.Эрдэнэ-Очир (+97 кг) нар дасгалжуулагч О.Цэрэндагва, С.Магсар нарын хамт улсаа төлөөлж хоёр дахь олимпийнхоо тэмцээнд зодоглов. Энэ удаагийн олимпийн чөлөөт бөхийн төрөлд 41 орны 164 бөх оролцсон байна.
Ч. Дамдиншарав:
Эхний тойрогтоо М.Могидыг (Египет) 3:1-ийн харьцаагаар, II тойрогтоо Туркийн бөх Эссенжилийг оноогоор (4;0) ялсан боловч III тойрогтоо Грасийтай (Итали) барилдаж байгаад өрсөлдөгчийнхөө гарыг гэмтээсэн гэдэг шалтгаар шүүгчийн шийдвэрээр цэвэр ялагдал хүлээжээ. Харин IV тойрогтоо Унгарын М.Ердошийг 5 минут 44 секундэд, V тойрогтоо Германы Неффийг долоон минутад (тэр үед бөхийн чөлөөт барилдааны үргэлжлэх хугацаа 10 минут байжээ) тус тус цэвэр ялж, VI тойрогтоо АНУ-ын Р.Сандерстай тэнцсэн (2:2) байна. Харин VII тойрогтоо Японы С.Накатад цэвэр ялагдав. Ийнхүү тэрбээр гуравдугаар байр эзлэв. Монголын тамирчдаас олимпийн анхны медаль хүртсэн гэдэг утгаараа спортын түүхэнд ч үлдэв. Ч.Дамдиншарав Мексикийн олимпт 10 кг хасч оролцоод ийм амжилт үзүүлжээ.
Б. Сүхбаатар:
Эхний тойрогтоо Афганистаны бөх Ж. Ахмедыг оноогоор (3:1) ялж, II тойрогтоо Пакистаны С.Мохамедад оноогоор (1:3) ялагдаж, III тойрогтоо Мексикийн Лопезийг есөн минут 52 секундэд цэвэр ялсан хэдий ч IV тойрогтоо Польшийн З.Жедизскид оноогоор (1:3) ялагджээ. Ингээд 21 орны чөлөөт бөхийн тамирчдаас VII байр эзлэв.
Ц. Нацагдорж:
Эхний тойрогтоо Польшийн бөх Т.Годинийг оноогоор (3:1) ялж, II тойрогтоо Афганистаны М.Ибрагимтай тэнцсэн (2:2) боловч III тойрогтоо Японы алдарт бөх олимпийн аварга Канекод оноогоор ялагдсан байна. Ц.Нацагдорж жиндээ өрсөлдсөн 23 бөхөөс мөн л долдугаар байр эзэлжээ.
Д. Сэрээтэр:
I тойрогтоо Австрийн Р.Маршийг оноогоор, II тойрогтоо Финляндын Салугтаг цэвэр, III тойрогтоо Туркийн Агралыг оноогоор (3:1), сүүлийн тойргийн барилдаанд Марчаног (Франц) цэвэр ялжээ. Гэвч V тойрогтоо Зөвлөлтийн бөх З.Бернашивили, VI тойрогтоо Ираны А. Мовахед нарт тус тус оноогоор ялагджээ. Ингэж тэрбээр хүрэл медалийн болзол хангасан юм.
Т. Артаг:
I тойрогтоо Болгарын бөх А.Сотниковт оноогоор ялагдсан ч II тойрогтоо Английн Шачладог цэвэр, III тойрогтоо Канадын Хефелийг цэвэр, IV тойрогтоо Унгарын Бойког оноогоор тус тус ялж, V тойрогтоо олимп, дэлхийн аварга Туркийн алдарт бөх Атталайтай тэнцсэн байна. Ийнхүү жиндээ барилдсан 19 бөхөөс гуравдугаар байр эзэлж Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын олимпийн медалийн тоог нэгээр нэмэв.
Ж. Мөнхбат:
Эхний тойрогтоо зүүн Германы бөх Дорингийг оноогоор (3:1), хоёрдугаар тойрогтоо Мексикийн Герсиаг цэвэр, гуравдугаар тойрогтоо Швейцарийн Чардонесийг оноогоор ялжээ. Харин IV тойрогт гоц мөргөж, V тойрогтоо олимпийн аварга Болгарын Гарджев, VI тойрогтоо ЗХУ-ын Б.Гуревич нартай тус тус тэнцсэн байна. Харин сүүлийн тойрогтоо Америкийн бөх Пекхамыг оноогоор ялжээ. Ийнхүү Ж.Мөнхбат нэг ч ялагдаагүй ч мөнгөн медаль хүртэж манай улсын тамирчдаас олимпийн анхны мөнгөн медальт бөх болсон юм.
Х. Баянмөнх:
I тойрогтоо Канадын бөх Миллардыг оноогоор (3.5:0.5), II тойрогтоо А.Нихоныг (Багамын арлууд) цэвэр, III тойрогтоо Швейцарийн Ютецелерийг оноогоор (3:1) тус тус ялж, IV тойрогтоо Унгарын Чотарид оноогоор (1:3), V дугаар тойрогтоо Туркийн Аийкт цэвэр ялагдаж 16 бөхөөс тавдугаар байр эзэлжээ.
Ө. Эрдэнэ-Очир:
I тойрогтоо Польшийн Боченскийг оноогоор (3:1) ялж, II тойрогтоо Румыны С.Стингуд цэвэр ялагдаж, III тойрогт Францын Юттерхегиег цэвэр ялж, III тойрогтоо Германы Дитрихт цэвэр ялагдаж 13 бөхөөс зургадугаар байр эзэлжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гараа
1963 он. Монголд бөхийн чөлөөт барилдаан үүсээд ердөө л гуравдахь жилтэйгээ золгох гэж байлаа. Гэвч тус онд Болгарын Софи хотноо болсон ДАШТ-д манай улс баг тамирчдаа оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Д. Хашбат (52 кг), Б.Сүхбаатар (57 кг), Б.Санжаа (63 кг), Д.Сэрээтэр (70 кг), Ж.Мөнхбат (78 кг), С.Цэрэн (87 кг), Ө.Эрдэнэ-очир (97 кг), Ц.Санжаа (+97) нар оролцсон байна.
Анхны оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан болоод ч тэрүү туршлага багатай тамирчид маань амжилт гаргаж чадаагүй билээ. Гэхдээ дараа дараачийн ДАШТ-д урамтай сайхан барилдаж З. Ойдов /дэлхий хошой аварга/, Х.Баянмөнх нар алтан медаль хүртсэн юм. Харамсалтай нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд тэдний амжилтыг одоогоор хэн ч давтаагүй байна.
Тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон нь
1973 он бол бөхийн чөлөөт барилдааны тамирчдын хувьд аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Тэр жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Улаанбаатар хотод болсон юм. Манай тамирчдын хувьд О.Энхтайван (48 кг), Д.Ганбат (52 кг), М.Хойлогдорж (57 кг), З.Ойдов (62 кг), Ц.Нацагдорж (68 кг), М.Бат-Амгалан (74 кг), Т.Артаг (82 кг), Ж.Мөнхбат (90 кг), Х.Баянмөнх (100 кг), Д.Адьяатөмөр (+100 кг) нар тус бүр жиндээ алтан медаль хүртсэн юм. Ийнхүү дээрх нэр хүндтэй тэмцээнд манай чөлөөтийнхөн анх удаа оролцож, бүгд аваргын болзол хангасан нь тэр билээ.
Д.Лхагва