МУИС-ийн багш, доктор, дэд профессор Долгорын Батжаргалыг авьяаслаг хүүхдийн зохиолч гэдгээр нь мэдэхгүй хүн ховор. Ярилцлага авах хүсэлт тавьбал “Бололгүй яахав. Гэхдээ хоёулаа үр дүнтэй ярилцахад тохь тухтай орчин хэрэгтэй. Би нэг газар мэддэг юм” гээд алхчихлаа. Зохиолчийн нэрлэсэн газар нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард байх “Номуун паб” хэмээх зоогийн газар аж.
“Хоол сайтай. Хамгийн гол нь цэвэрхэн, намуухан газар” гэж Д.Батжаргал багш нэмж өгүүлсэн юм. “Номуун”-д ажил ярьж хоол идэх ч юм уу, эсвэл ганц хоёр пиво ууж алжаал тайлахад эвтэйхэн орчин байлаа. Үйлчлэгч эмэгтэйн үйл хөдлөл, үг хэл нь бидний ярианд саад болохгүй юмсан гэсэн шиг намуухан…
–Сайхан намаржиж байна уу. Та бол нэг талаас сэтгүүлч, нөгөө талаас зохиолч хүн. Уран бүтээлчийхээ хувьд өвөл цагийн талаарх бодлоо уншигчидтайгаа хуваалцана уу?
-Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах үед би дуртай байсан. Байгаль дэлхийн үзэсгэлэн мөнгөн өвөлд ч байдаг шүү дээ. Ойд очиход цасаар хучигдсан модод, хамар сэтлэх шахсан цэвэх агаар… Модны үзүүр салхинд найгахад цасан ширхэг толгой дээр аргадах мэт буугаад л…Хээр талд ч гэсэн алсын уулс аварга цасан хунгар адил дүнхийх нь сүртэй. Малчин айлын гадаа очиход цан хүүрэг татуулсан нохой бөг бөг хуцан тосох мөртөө, эрхлэн сүүлээ шарвагнуулан дөрөө шүргэхэд биеэс нь халуун төөнөх мэт. Гэрийн яндангаар суунаглах аргалын үнэр цаанаа л сэтгэл сэргээж, аагтай шаргал цай, цартай халуун мах хамар цоргих мэт сайхан.
Би Хөвсгөл аймагт төрж өссөн хүн. 1968 онд Ямаат сумын бага сургууль, 1976 онд Дулаанхааны дунд сургууль, 1978 онд Аргалантын ахлах сургуулийг тус тус дүүргэсэн хүн шүү дээ. Монгол хүн болгоны мэдэх нэгэн сайхан нутаг оронд төрж өссөн болохоор бүх улирлынх нь гоо үзэсгэлэнг мэдэрч өссөн. Монгол хүний бахархал юм даа.
-Өвөлд дуртай байсан гэж хэлэх чинь надад их содон туслаа. Яагаад ингэж хэлэх болов?
-Би нийслэлд олон жил амьдарч байна. Гэхдээ сүүлийн 20 жилд өвөл болно гэхээс яс хавтайдаг болсон. Хэдийгээр паартай байшин, паалантай жорлонтой сууцанд амьдарч байгаа ч 10 дугаар сар гараад ирэх алдад жигтэйхэн их гунигладаг болчихсон юм. Яагаад вэ? Чи бараг гадарлаж байгаа байх. Өнөөх л утаатай амьдрах өдөр хоногууд ирж байгаа болохоор тэр. Өвлийн үзэсгэлэн, гайхамшигт шинж энэ Улаанбаатарт л лав байхгүй. Цонх нээх ч боломжгүй байдал дор хаяж 4 сар үргэлжилнэ гээд боддоо. Амьсгаа авахад цээж уужирч, толгой сэргэмээр тийм аятай таатай уур амьсгал хэдийнэ үгүй болсон. Гудамжаар нялх хүүхдийнхээ хамар амыг таг битүүлсэн эхчүүд бухимдах мэт бүдчин алхах нь өрөмдмөөр. Уг нь бяцхан хүүхдүүдэд цэвэр агаар чухал шүү дээ. Гэтэл амьсгалах агаар маань аллагын дайтай хор хөнөөлтэй болчихсон болохоор эх нь ам хамрыг нь боохгүй гээд ч яах билээ. Зарим сургуулийн багачууд амны хаалт зүүх нь битгий хэл, хүзүүний ороолт ч үгүй хээв нэг давхина. Би хүүхдийн зохиолч хүн. Монголын ирээдүй болсон цэлмэг тэнгэр шиг бодолтой энэ л бяцхан үрс үнэхээр хэцүү орчинд өсч өндийж байгааг харах болгонд цээж давчдах юм. Тийм болохоор л Улаанбаатарын өвлийг үзэн яддаг.
Би өөрөө аав хүн. Бас өвөө. Үр, ачаа цэвэр цэнгэг агаартай орчинд амьдруулж чадахгүй байгаа нь миний буруу юу, эсвэл төр засгийн буруу юу гэдгийг ойлгохгүй шаналсан. Гэхдээ өнгөрсөн жил хотын утгааг бууруулах чиглэлээр төр засаг нэлээд зоримог арга хэмжээ авсан гэж боддог. Өнгөрсөн өвөл утаа харьцангуй буурсан. Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халж чадвал утаа аяндаа буурна. Утаа бага ялгаруулдаг сайжруулсан түлшнээс гадна халаалтын өөр технологи нэвтрүүлмээр л байгаа юм.
-Та тэгээд уран бүтээлээ энэ хурц асуудал руу чиглүүлж байна уу? Ер нь дарга нарын чихэнд хэр зэрэг хонх уяж байна даа?
-Хүүхэд гэдэг чинь хамгийн гэгээлэг, ариун амьтан. Тэдэнд муу муухай зүйл бага үзүүлж байгаасай л гэж би чин сэтгэлээсээ боддог. Энэ үүднээсээ гэрэл гэгээтэй, ухаарал хайрласан, эргэцүүлэн бодох сэдвийг хөнддөг. Миний зохиол бүтээлдээ баримталдаг гол зарчим бол энэ л дээ. Харамсалтай нь манайд хүүхдийн зөв төлөвшил, хүмүүжлийн орчин үнэхээр алга. Сурагчид хичээлээ тараад нэг бол PC тоглоомын газар уу, нэг бол нийлээд гудамж метрлэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд секц дугуйлангийн хөгжлийг дэмжих цаг хэдийнэ болжээ. гэтэл өнөөдөр юм болгонд мөнгө. Боломжтой айлын цөөн тооны хүүхдүүд хичээлээс гадуурх элдэв төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна л даа. Гэхдээ ядарсан нэгнийх нь хүүхэд болохоор хичээлдээ алдаг оног явдаг байдал огт өөрчлөгдсөнгүй. Үүнд Засгийн газар, салбарын яам бодлогын хэмжээнд анхаарах цаг болсон байна.
Нэгэн нийтлэг жишээ татая. Аав, ээж нь байнгын завгүй хүүхэд хичээлээ тараад гэртээ орлоо гэж бодоё. Эзгүй гэрт зурагтаа л нээнэ. Түүгээр хүүхдийн нүд хорсч, чих нь алт болмоор зүйл гарна. Нэг бол интернэтэд нэвтэрч үзэх үзэхгүй зүйлээр бодол санаагаа хордуулна. Ийм үзэгдэл нийтлэг байгааг хүн болгон мэддэг мөртөө огт санаа зовохгүй юм. Монголын эцэг эхчүүдийн холбоо байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилламаар л санагдах юм.
-Хүүхдийн эрхийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Юу асуух гэж байгааг чинь ойлголоо. Хүүхэд бол миний амьдралын салшгүй хэсэг. Би нийт хүүхэд багачуудын тухай бичиж ирсэн. Бичсээр ч байх болно. Хамгийн гол нь хүүхдийг хар бараан орчинд л бүү өсөөсэй гэж залбирдаг. Багаасаа зодуур нүдүүр, хараал зүхэл дунд өссөн хүүхэд ямар хүн болж төлөвших нь тодорхой. Нэг бол нийгэмд биеэ авч явж чадахгүй, өлбөгөр сул хүн болно. Нэг бол аймшигтай хэрцгий хүн болно. Үр дагаврыг нь эцэг эх нь, ах дүүс нь, цаашилбал нийгэм олон нийт л амсана. Харамсалтай байна.
-Таныг орон гэргүй тэнэмэл хоёр хүүхдийг гэртээ оруулж ирээд хооллож байсан удаатай гэж эхнэр чинь ярьсан. Хэр олон хүүхдэд буян болов доо?
-/инээв/ Буян гэж бодвол их том юм уу даа. Зүгээр хүн ёсны л үйлдэл юм. Нэг хүнд таван цаас өгчихөөд, эсвэл ганц удаа хоолонд оруулснаа буян мэтээр ойлгоод өөрийгөө дөвийлгөөд явахыг би таашаадаггүй. Эхнэр маань намайг их үнэлсэн байна. /инээв/
-Тэгвэл буян гэж юу вэ, таныхаар?
-Ерөөсөө бусдыг үнэн сэтгэлээсээ энэрч хайрлах, хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлийг л буян гэж ойлгодог.
-Таны зохиолоос би нэлээд хэдийг уншсан. “Ганц улаан гамбир” гэдэг өгүүлэл чинь их таалагдсан шүү. Өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх, амьжиргааны түвшний ялгаатай байдлыг сургуулийн сурагчдыг амьдралаас төлөөлүүлж харуулж чадсан гэж хэлэх гээд байна л даа.
-Зөв л ойлгосон байна. Тэр өгүүллээ болсон явдлаас сэдэвлэсэн юм. Нэгэн тааруу амьдралтай хүүхэд хичээл дээрээ идэхээр гамбир боогоод ирж. Ээж нь хайрч өгсөн байгаа юм. Гэтэл ангийнх нь дэггүй хүүхэд нөгөөхийг нь олоод самбарт өлгөчихөж. Тэр ч бүү хэл балаар цоо хатгаж нүд ам хийж эхэлсэн байгаа юм. Ангийнх нь хүүхдүүд хөөрхий хүүг шоолоод л. Харин гамбирын “эзэн” хүүд халуун галд нүүрээ минчийтэл хайрч өгсөн ээжийнх нь нүүрийг сийчих аятай санагдаж. Ичиж, гомдсон хүү тэр дороо хичээлээ хаяад гарсан гэдэг. Эргэж очсон эсэх нь бүү мэд. Ер нь хүүхдийн сэтгэл их эмдэг шүү дээ. Цэцгийн дэлбээ л гэсэн үг. Хайрлаж явахад тийм хэцүү гэж үү гэж зарим хүмүүсээс асуумаар санагддаг юм.
-“Х хөлт” хэмээх өгүүлэл чинь хүүхдийн ертөнцөд бас л их танил болсон. Энэ зохиолоо бичих санааг хаанаас олсон бэ?
-Хорлоо гэдэг хөл муутай хүүхдийн тухай өгүүллэг л дээ. Хүн ямар ч төрж болно. Хамгийн гол нь ямар ч хүнтэй хүн ёсоор адилхан харьцаж байгаасаа л гэдэг үүднээс энэхүү зохиолыг бичсэн юм. Гол үзэл санаа нь тэр.
–Өнөөдөр ямар сэдэвтэй зохиол бүтээл үгүйлэгдэж байна гэж та бодож байна даа?
-Өсч өндийж байгаа балчир үрст алаан хядаан, нус нулимс болсон бүтээл уг нь хэрэггүй. Аль болох гэгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй тийм л ном зохиол, кино, жүжиг олноор гараасай гэж хүсч явдаг даа. РС тоглоомыг газруудыг цөөлж, сонгодог хөгжим, шатар даам, бүжиг, уран зураг, утга зохиол, биеийн тамир спортын дугуйланг хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсэй хүсдэг.
-Таны эмзэглэл?
-Өвлийн хүйтэнд өөрөөсөө том усны сав түрээд байдгаараа зүтгэж яваа жаахан xөвгүүд, охидыг харахаар сэтгэл маш их зовдог. Ядаж орон гэрийнх нь уур амьсгал халуун дулаан байгаасай даа гэж залбирах юм даа. Ер нь бол зарим хүмүүсийн бүдүүлэг араатанлаг авир, хүнсний аюулгүй байдал гээд сэтгэл зовоох асуудал маш их байна.
–Ярилцлага өгсөн танд баярлалаа. Тантай дахин ярилцахдаа таатай байх болно. Урн бүтээлийн болоод багшийн их ажилд тань өндөр амжилт хүсье.
ярилцсан Д.Лхагвадорж