Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн. Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах гурван тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болллоо.
Товч мэдээ
– Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгосон юм.
– ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.
– Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.
– Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт 2020 онд хийх их засварын ажлыг гэрээний дагуу дуусгаж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг нь олгохоор болов. Энэ онд улсын хэмжээнд найман дотуур байр, 28 сургууль, 16 цэцэрлэг, хоёр номын сан, соёлын дөрвөн төв, шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн, таван спорт заал болон бусад барилгад /нийт 69/ их засвар хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.