Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Жамъян гуайтай ярилцлаа. 90 насны босгыг алхсан буурал Монголын санхүү бүртгэл, аж үйлдвэр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түүхийг бичилцсэн гавьяатай хүн билээ.
–Ярилцах хүсэлтийг маань хүлээж авсанд талархаж байна. Мэдээж таны ажил, амьдралын түүх бол ганцхан ярилцлагаар хязгаарлагдахгүй. Тийм учир тодорхой хэдэн түүхэн гэж болохоор асуултад хариулт авая гэж бодлоо. Гэхдээ ярилцлагаа таны намтраас эхлэе?
-Өвгөн ах нь 1931онд Өвөрхангай аймгийн Гүн-Нарийн (одоогийн Хайрхандулаан) сумын нутагт Шинэ-Ус гэдэг газарт төрсөн. 1939-1943 онд бага сургуульд суралцаад хөдөө мал дээр гарч билээ. Тухайн үедээ л бичиг үсэг сурсан хүн гэдэг чинь эрдэм номтойд тооцогдоно. Тийм л “мундаг” амьтан амьдралын эрхээр мал дээр гарсан хэрэг. Гэхдээ тэр чигээрээ малчин болоё гэж бодсонгүй. Багын ном эрдэмд дуртай байсан болоод ч тэрүү 1946 онд Санхүү, эдийн засгийн техникумд суралцахаар Улаанбаатар хот руу мордсон доо. Ах, дүүс маань ч “Эрхэм баян эрдэм гэдэг юм. Миний хүү ном сайн үзэж, улс эх орондоо тустай хүн болоорой” гэсэн утгатай үг хэлээд үдэн гаргаж байсан санагддаг юм. Тоо бодлого, тооцоо судалгаа миний сонирхолыг татаж байлаа. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцэх мэргэжлийг сонгон суралцаж байгаадаа битүүхэндээ баярлаж, хэрэндээ л хичээж суралцсан. 1950 онд техникумаа улаан дипломтой төгсөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Нягтлан бодогчдын курст багшаар орлоо. Ажил хөдөлмөрийн гараагаа тэгж эхэлсэн дээ. Техникумд дандаа идэр залуучууд суралцаж байсан бол, тус курст олон жил ажилласан, харьцангуй ахмад нягтлан бодогчид 3-6 сар, 1 жилээр суралцаж, үнэмлэх авдаг байсан юм. Голдуухан төсөвт байгууллага, үйлдвэр худалдаа, тээвэр, хоршоо зэрэг улс ардын аж ахуйн голлох салбаруудаар сургалт явуулна. Нэг давуу тал нь Нягтлан бодогчдын курст бидний залуу багш нартай хамт тухайн салбарын хамгийн шилдэг гэгддэг ерөнхий нягтлан бодогчид (яамдын) хичээл заадаг байсан нь тэднээс суралцах сайхан боломж олгодог байлаа.
-Манай санхүү, бүртгэлийн тогтолцоонд яг хэдэн оноос өөрчлөлт орж эхэлсэн бол?
-Миний бие гурван жил багшлаад 1953 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцахаар явлаа. 1958 оны 7 дугаар сард мөн улаан дипломтой төгсч, улмаар Сангийн Яамны Улсын орлогын хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн он бол БНМАУ-ын санхүү, бүртгэлийн тогтолцоонд том өөрчлөлт хийгдээд эхэлсэн үе байлаа. Тодруулбал, улсын орлогын системд зарчмын томоохон өөрчлөлт хийж, олон нэр төрлийн орлогыг (Жишээ нь, төсвийн нэмэгдэл, гаалийн татвар, газар дэвсгэрийн хураамж г.м) нэгтгэн, “гүйлгээний татвар”, “ашгийн шимтгэл” гэсэн үндсэн хоёр хэлбэрийн орлогоор төсвийн орлогыг бүрдүүлэх болсон юм. Энэхүү их өөрчлөлтийг хийх бэлтгэл ажил 1957 оноос эхэлсэн бөгөөд улс хоршооллын бүх үйлдвэр, аж ахуйн газруудын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр төрөл тус бүрээр тэдгээрийн өөрийн өртгийг тодорхойлж, ашиг хуримтлалын нормативыг тогтоож, улмаар үнэ, татварын хувь хэмжээг шинэчлэх хоорондын харьцааг тогтоох болсон. Энэ шинэ систем нь 30 шахам жил онцын өөрчлөгдөөгүй, нийт улс даяар мөрдөгдсөн. Тэгээд болохоор маш чамбай өөрчлөлт болж чадсан байгаа биз. Хамгийн гол нь энэ шинэ системийн үр дүнд олон нэр төрлийн, заримдаа давхардсан татварын систем оновчтой болж цөөрсөн төдийгүй, улс орон нутгийн төсөв болон үйлдвэр аж ахуйн байгууллагуудын хоорондын санхүүгийн харилцаа цэгцтэй болж чадсан юм. 1958-1959 онд ардын аж ахуйтнууд Хөдөө аж ахуйн нэгдэлд элсч дууссанаар малчин иргэдээс авдаг мал аж ахуйн албан татвар өөрчлөгдөн Хөдөө аж ахуйн нэгдлийн ашиг орлогын татвар шинээр бий болохын хамт улсын даатгалын системд томоохон өөрчлөлт орж, зөвхөн иргэд, хоршооллын байгууллагын даатгал үлдсэн. Энэ бүхэнтэй уялдан Санхүүгийн төв, орон нутгийн байгууллагын бүтцэд ч багагүй өөрчлөлт гарсан. Зөвхөн миний ажиллаж байсан Сангийн яамны Орлогын хэлтсийг гэхэд л газар болгон (улсын орлого, албан татвар, даатгалын хэлтсүүдтэйгээр) өргөтгөснөөр гүйцэтгэх үүрэг, эрхлэх ажил нь шинэчлэгдсэн билээ. Санхүү бүртгэл, тооцоо, татварын системийг шинжлэх ухаанд суурилсан боловсронгуй тогтолцоонд шилжүүлэх реформ тухайн үед хийгдсэн гэсэн үг. Улс орны хөгжилд дэвшилд шууд хамаатай тийм том ажилд гар бие оролцсондоо сэтгэл өндөр явдаг юм.
-1960-1970 он бол яах аргагүй их бүтээн байгуулалтын жилүүд байсан. Та тэр үед Аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан гэдэг. Энэ утгаараа таныг түүхэн том үйл хэргийн гэрч гэж хэлэх гээд байна л даа…
-Тиймээ. Би Сангийн яамны Орлогын хэлтсийн даргаар 1961 он хүртэл ажиллаад Аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайдаар томилогдон 1967 он хүртэл ажилласан. Харин дараа нь Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайдаар очоод яамдын эдийн засгийн асуудлыг хариуцдаг боллоо. Тус албанд 1975 он хүртэл ажиллахдаа төлөвлөгөөт эдийн засгийн онолоор үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн чиглэл, урт хугацааны болон жил бүрийн төлөвлөгөөг боловсруулах, үйлдвэрлэлийн дотоод нөөц бололцоог илрүүлэх, төлөвлөлт тооцоонд хэрэглэх техник-эдийн засгийн норм нормативуудыг шинэчлэх зэрэг ажлуудыг удирдан хийж билээ. Үйлдвэрүүдийг 10-15 жилээр хөгжүүлэх прогноз, хэтийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийг 1965-1967, 1972-1975 онуудад боловсруулан дээд байгууллагад танилцуулахаар оруулж байсан. Мөн салбарын удирдлагын автоматчилагдсан систем нэвтрүүлэх анхны бэлтгэл хангах, үүний урьтал болгон яамны хэмжээнд гардаг бүртгэл мэдээ тайланг боловсронгуй болгох олон чухал арга хэмжээг авсан. 1961 оноос эхлэн тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн хамгийн дэвшилтэт хэлбэр болох журнал-ордерийн системийг харъяа бүх үйлдвэрүүдэд нэвтрүүлэх өргөн хэмжээтэй ажил зохиосон нь 1990 он хүртэл ашиглагдаж байсан юм шүү дээ. Үүнтэй хамтатган 1972-1974 онуудад үйлдвэр, харъяа газруудын үндсэн хөрөнгийн дахин үнэлэлт, бөөний үнийн шинэчлэлт хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Энэ үед хийгдсэн нэг томоохон эдийн засгийн өөрчлөлт бол үйлдвэрүүдийг төлөвлөлт-эдийн засгийн урамшууллын системд шилжүүлэх явдал байсан бөгөөд тухайн үедээ улсын хэмжээнд ихээхэн үнэлэгдсэн чухал ажил болсон доо. Уг ажил анх Улаанбаатар хотын талхны үйлдвэрт туршигдаж, удалгүй хөнгөн хүнсний бусад үйлдвэрүүд хамрагдсан. Дээрх ажил ихэвчлэн үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдон хийгдэж байсан нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд сайн нөлөө үзүүлж байсан юм. Жишээ нь, 1969-1973 онуудад Аж үйлдвэрийн комбинатын харъяа үйлдвэрүүдийг аж ахуйн бүрэн тооцоонд оруулж, улмаар арьс шир, ноосны чиглэлээр үйлдвэрийн төрөлжсөн нэгдлүүд байгуулагдаж, оёдлын ба гурилын үйлдвэрүүдийг толгойлох үйлдвэрийн хэлбэрээр нэгдэл болгон зохион байгуулсан. Аж үйлдвэрийн хөгжлийг ингэж л харж, төлөвлөж байлаа. Монгол Улс аж үйлдвэржсэн орон байсан юм шүү.
Тэр үед хувийн хэвшлийн аж ахуй байгаагүйг хүмүүс мэднэ. Зөвхөн улсын үйлдвэрүүд л үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тийм учир хөдөлмөр, цалин хөлсний асуудал нь үйлдвэрлэлийн ажиллагааг хэвийн сайн явуулахад шийдвэрлэх ач холбогдолтойг анхаарч шинэ тарифт цалин боловсруулж мөрдүүлэх ажил 1961-1963 онд эрчимтэй хийгдсэн. Түүнтэй хамт хөдөлмөрийг нормчлох, шинээр боловсруулах, ажил мэргэшлийн зэргийг шинэчлэн тогтоох, тариф мэргэшлийн лавлахыг үйлдвэр бүрт шинээр боловсруулж мөрдүүлэх зэрэг олон томоохон ажлыг би гардан удирдсан. Үүнтэй уялдуулаад хэлэхэд 1973-1974 онуудад тарифт цалинг дахин өөрчлөх томоохон ажил хийгдэж билээ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй хөдөлмөр зохион байгуулалтад анхаарал тавьж, энэ хүрээнд чамгүй олон ажлуудыг зохион байгуулсан. Ер нь тухайн үед бусад оронд шинээр гарч байсан эдийн засгийн туршлагаас үлгэр авч өөрийн үйлдвэрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байсан юм. Ганцхан баримт дурьдахад ЗХУ-ын Щекиний химийн комбинатын дэвшилтэт туршилтыг бүтээлчээр боловсруулж Улаанбаатар хотын Чихэр боовны үйлдвэр, бусад газарт амжилттай хэрэгжүүлсэн нь үр дүнгээ шууд л өгч байсан. Миний удирдаж байсан эдийн засгийн хэлтсүүд харъяа газруудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, нөөц бололцоог дайчлах, өр авлагыг барагдуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, илүү орон тоог хорогдуулах, алдагдалтай үйлдвэрийн талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх ажлыг төлөвлөгөөтэй хийдэг байж билээ.
Үйлдвэрлэлийг эдийн засгийн аргаар удирдах ажлыг эрчимтэй нэвтрүүлж хэвшүүлэх, нийт ажилтан ажилчдын эдийн засгийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд миний бие ихээхэн анхаарч 1964 оноос “Яамны системд хэвлэл, мэдээлэл сурталчилгааны групп”, 1969-1975 онд ”Эдийн засгийн хүмүүжил олгож боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах арга зүйн удирдлагаар хангах зөвлөл”-ийг санаачлан байгуулж, ажлыг нь гардан зохион байгуулж байлаа. Яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхээр зарим хүний огт мэддэггүй социализмын үед салбар болгонд мэргэжлийн хүмүүсийг нарийн шалгуураар томилж, ажил маш тодорхой төлөвлөгөөтэй явдаг байсан юм шүү гэдгийг л ойлгуулах гээд зүтгээд байгаа хэрэг.
–Танаас ярилцлага авахын тулд хэд хэдэн хүнтэй уулзлаа. Номын санд ч суулаа. Таны бичиж байсан судалгааны нийтлэлийг ч олж уншсан. Харин өнөөдөр эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл аль ч салбарт ховор гарах болж дээ. Нэгэнт уулзаж ярилцаж байгаагийнх энэ талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь?
-Сэтгүүлч хүний асуултыг хүндлээд хариулах нь зөв л дөө. Хийж гүйцэтгэж байсан ажил үүрэгтэйгээ уялдуулан эдийн засгийн сэдвээр нэлээд өгүүлэл бичиж төвийн сонин сэтгүүлд нийтлүүлж байсан. Хэд хэдэн брошюр ч гаргасан. Тухайлбал, “Үйлдвэрийн газрын санхүүгийн төлөвлөгөө”, “Бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах замууд”, “Үйлдвэрлэлийн дотоод нөөц бололцоо”, “Үйлдвэрийн газрын эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах арга зам”, “Үйлдвэрийн газрын аж ахуйн тооцоо”, “Үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа түүнийг дээшлүүлэх арга зам” зэрэг брошюр бичиж хэвлүүлснээс гадна бусадтай хамтран бүтээгдэхүүний чанар, төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ системийн талаар хэд хэдэн ном бичсэн. Хамгийн гол нь одоо цагийн төрийн албаны хүмүүст санаа болоосой гэдэг үүднээс л энэ бүхнийг дурдаж байгаа юм шүү дээ.
–Та Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны орлогч дарга, Улсын нийгэм хангамжийн газрын даргаар ажиллаж байсан. Таныг ажиллах хугацаанд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ямар өөрчлөлт хийгдсэн бэ?
-Би 1979-1991 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны орлогч дарга, Улсын нийгэм хангамжийн газрын даргаар ажилласан хугацаандаа нийгэм хангамжийн нэгдсэн системийг бэхжүүлж хөгжүүлэх, тэтгэврийн шинэ тогтолцоог бий болгож, зах зээлийн харилцаанд шилжүүлэх угтвар нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагуудын материаллаг баазыг өргөтгөх, боловсон хүчнээр бэхжүүлэх, холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, амьдралд хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулж ажилласан. Дээрх хугацаанд нийгэм хангамжийн ажлыг сайжруулахтай холбогдсон хууль эрхийн акт, тогтоол, заавар, дүрэм, журам, аргачлал зэрэг нэлээд асуудлуудыг хариуцан боловсруулж мөрдүүлсний дотор Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн тэтгэврийн хууль, заавар, нэгдлийн гишүүдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх аргачлал, улсын тэтгэврийн хуулийг биелүүлэх заавар, ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох нэмэгдэл чөлөө, тэтгэмжийн тогтоол, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод олгох заавар, өнчин хүүхдийн асрамж сургалт хүмүүжил, протез, ортопедийн хэрэгслээр үйлчлэх, сонсгол султай болон хараагүй хүмүүст хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон эрхийн актуудыг удирдан боловсруулсан.
Мөн 1988-1990 онд БНМАУ-ын тэтгэврийн шинэ хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан нийт ард түмний тэтгэвэр хангамжийг сайжруулах чиглэл, тооцоо судалгааг хариуцан гаргаж, уг хуулийн төслийг эцэслэн боловсруулж удирдах байгууллагад 1990 онд оруулсан нь БНМАУ-ын тэтгэврийн хууль батлагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй хамт нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бий болгох бэлтгэл ажилд идэвхитэй оролцон, түүнийг шийдвэрлэх том арга хэмжээ болсон 1994 онд батлагдсан “Нийгмийн даатгалын тухай” хуулийг боловсруулах үед “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл”-ийн талаар УИХ-ын байнгын хорооны экспертийн группийн ахлагчаар томилогдон ажиллаж байсан.
Би нийгэм хангамжийн байгууллагуудын үйлдвэрлэл-аж ахуй, үйлчилгээний ажлыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, туслах аж ахуй хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч ажилласны дүнд асрамжийн газрууд мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг туслах аж ахуйгаасаа байнгын бүрэн хангах болсон. 1979-1992 онд Батсүмбэрийн асрамжийн газрын иж бүрэн барилга, Увс, Ховд аймаг дахь асрамжийн газруудын барилгыг барьж ашиглалтанд оруулах Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн үйлдвэрлэл, улаан булан, конторын нэгдсэн байр, тэндхийн ажиллагсдын орон сууц, гуанз, ясли цэцэрлэгийн байрыг шинээр бариулсны дээр тахир дутуу иргэдэд мэргэшил эзэмшүүлэх байнгын курсыг өргөтгөн төв болгох, протез-ортопедийн үйлчилгээг орон нутагт очиж газар дээр нь үзүүлэх болсон зэрэг тодорхой арга хэмжээг зохион байгуулж байв.
Мөн 1981-1982 онд тахир дутуу хүмүүсийн олон улсын жилд зохиох ажлыг эрхлэх үндэсний хорооны гишүүн, 1983-1990 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын 10 жилд зохиох ажлыг эрхлэх үндэсний хорооны нарийн бичгийн даргын үүргийг Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэхдээ тахир дутуу иргэдэд үзүүлэх нийгмийн туслалцааг сайжруулах талаар идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Мөн 1981 онд БНМАУ-ЗХУ-ын Засгийн газрын хооронд нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай анхны хэлэлцээр, протокол байгуулах төлөөлөгчдийн ахлагчаар /Засгийн газрын тогтоолоор томилогдон/ ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд уг гэрээ, хэлэлцээр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
-Таны ажил амьдралын нэгээхэн хэсэг Монголын ахмадын холбоотой холбогддог. Нийгмийн бодлогын салбарт ажиллаж байсан хүний хувьд ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал илүү ойр байсан биз?
-Миний сүүлийн жилүүдэд эрхэлж байсан алба нь яах аргагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн ажил амьдралтай шууд холбоотой байлаа. Иргэдийн амьжиргааны түвшин, тэтгэвэр тэтгэмж, төрийн зүгээс тавих анхаарал халамжийг хамаарсан бүх л асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн ерөнхий газар боловсруулж хэрэгжүүлдэг байсан. Энэ үүднээс миний хариуцаж байсан ажил Монголын ахмадын холбооны бодлого, шийдвэртэй нягт холбоотой явж ирсэн юм. Тэр утгаараа би Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмадын хорооны даргын сонгуульт үүргээ биелүүлэхдээ Монголын ахмадын холбоотой их ойр дотно харилцаатай ажиллаж ирсэн. Мөн Монголын ахмадын холбооны Их хурлуудад удаа дараа сонгогдон оролцож, 1998-2017 онд тус холбооны Чуулганы гишүүнээр сонгогдон ажилд нь оролцож байлаа. 90 жилийн түүхтэй Монголын ахмадын холбооны бодлого, үйл ажиллагаанд сэтгэл нэн ханамжтай явдгаа энэ дашрамд хэлэх нь зөв биз ээ.
Б.Жамъян гуайтай ярилцаж суухад яах аргагүй их ажил, хөдөлмөр өрнөсөн он цагийн гэрч юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. 90 настай энэ буурал 1975-1979 онд Москва хотод төвтэй Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (СЭВ)-ийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөхөөр ажиллахдаа социалист орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдгээр орнуудаас өөрийн оронд үзүүлэх эдийн засгийн тусламж дэмжлэгийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцож ирснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Мөн 1963-1965 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс, Бүгд Найрамдах Польш Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улстай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн дарга, 1969-1973 онд шинжлэх ухаан, техникийн талаар Чехословак улстай хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргын үүргийг Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэж байсан гэдэг. Түүнчлэн 1969-1973 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Хүнсний үйлдвэрийн байнгын комисс дахь Монголын салбар комиссын орлогч дарга, 1981-1988 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын асуудал эрхэлсэн Монголын үндэсний комиссын гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн билээ.
Ярилцсан Д.Лхагвадорж