-Уул уурхайн эрхзүйн орчин тогтвортой байх ёстой-
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
-Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн салбар руу чиглэсэн бодлого үйл ажиллагаанд та ямархуу байр суурьтай байна вэ?
-Улс орны эдийн засагт хүндрэлтэй цаг үе тохиож байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар улс эх орны эдийн засгийг сайжруулах 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөдөлгөгч хүч болсон салбарууддаа анхаарал тавьж ажиллах зорилт дэвшүүллээ. Үүний үр дүн өнөөдөр биш юмаа гэхэд ойрын хагас жилдээ гарна гэж би хувьдаа олзуурхаж байгаа. Энэхүү бодлого, зорилтод манай геологи, уул уухайн салбар ч хамаарагдах биз ээ. Манай салбарыг толгойлж байгаа хүн салбараа гүнзгий сайн мэддэг, жаргал, зовлонг нь мэдэрдэг хүн учраас Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд дорвитой өөрчлөлт гарна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
–Уул уурхайн салбар бол гарцаагүй улсын эдийн засгийн хөдөлгөгч гол хүч. Яг өнөөдөр танай салбарт хууль эрхзүйн талаасаа ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ?
-Салбарын эрхзүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Ер нь томоохон өөрчлөлт эрхзүйн шинэчлэлээр бий болох ёстой юм. Гагцхүү эрхзүйн шинэчлэл нь урт удаан хугацааны, тогтвортой байхад л ач холбогдол, үр дүн нь оршино. Дараагийн Засгийн газар гарч ирэхэд асуудал өөрөөр яригдаад байхааргүй хэмжээний эрхзүйн өөрчлөлтийг хийх ёстой. Тэгж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхох нь гарцаагүй.
–Улстөржилтөөс болоод эрзүйн орчин тийм ч таатай биш явж ирсэн гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ. Энэ талаар таны байр суурийг сонсоё?
-Би хувьдаа энэ Засгийн газрыг улстөрийн эрх ашгаар бус улс орны өмнө тулгамдсан амин чухал асуудлуудыг шийдэхэд чиглэсэн өнцгөөс асуудлыг харж байгаа гэж итгэж байгаа. Тийм болохоор уул уурхайн салбарын эрхзүйн орчныг шинэчлэх ажил хийгдлээ гэхэд тогтвортой, урт хугацаанд хэрэгжих чиг хандлагыг барих болов уу гэж бодож байна. Дахин хэлэхэд хууль эрхзүйн орчин тогтвортой, урт хугацааны байсан нөхцөлд гаднын хөрөнгө оруулагчид тэр хэмжээгээр өөрсдийнхөө эрсдлийг үүрээд орж ирэх магадлал их өндөр. Нөгөө талдаа дотоодын хөрөнгө оруулагч нарт ч ашигтай. Би хууль эрхзүйн хувьд адил тэгш эрхтэйгээр, зах зээлийн өрсөлдөх зарчмыг хангах болов уу гэж харж байна.
–Уул уурхайн яам, Ашигт малтмалыг газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад очиход тухайн орон нутаг асуудлыг гацаадаг үзэгдэл одоо ч байна. Энэ талаар аж ахуйн нэгжүүд багагүй гомдол санал гаргаж байхыг сонссон. Таны бодлыг сонирхоё?
-Мэргэжилтэн хүний хувьд би зарчмын өөр саналтай байдаг. Монгол Улс өнөөдөр газрын баялаг нийт ард түмний баялаг гэж үзэж байгаа бол газрын гүний судалгааг төрөөс шууд удирддаг зарчмаар явуулах хэрэгтэй. Орон нутгийн нөхдүүдийн эрх ашиг, амбицаар явуулж болохгүй асуудал шүү дээ. Яагаад гэвэл энэ бол нэг талаас улс эх орны геополитик, хар хайрцагны бодлоготой холбоотой асуудал. Төрийн хууль нэг л зарчмаар үйлчилж байх ёстой. Ард түмэндээ чиглэсэн асуудлыг орон нутаг нь шийдээд явдаг юм байгаа биз. Харин төр улс өөрийнхөө хийх ёстой ажлаа шууд хийдэг байх ёстой. Завсрын дунд юм уу, доод шатны удирдлага нь үзэмжээр асуудлыг шийдэж болдоггүй байх зарчмыг шинэ хуульд тусгаж өгөөсэй гэж хүсч байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн асуудал одоохондоо салбарын хэмжээнд яригдаж байна. Хуулийн төсөл боловсонгүй болоод улс орны эрх ашигт нийцсэн тийм л хуулийн төслийг мөрөөдөж байгаа. Ганц миний үзэл бодол биш бүх л бүтэн салбарын хамт олны хүсэл мөрөөдөл ийм байгаа юм. Уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн нэг тулгуур багана. Энэ асуудалтай ямар ч улстөрч, хэн ч маргахгүй. Аливаа улс үндэстэн оршин тогтнох аюулгүй байдлын баталгаа бол геополитик. Монгол Улс өөрийн гэсэн геополитикийн том бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулж, системийн өөрчлөлт хийснээр манай улс нэг шинэ шатанд гарна гэж үзэж байгаа.
–Монголын геологийн холбоо, Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс салбарын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудалд саналаа өгч байгаа биз дээ?
-Боломж л олдвол өөрсдийн саналаа уламжилж байгаа. Гэхдээ бид нэг л зүйлийг бодох ёстой. Тэр бол Монгол Улсын эрх ашиг юунд оршиж байна вэ гэдэг асуудал юм. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тухайн нутагт амьдарч аж төрж буй ард түмний хүсэл эрмэлзлэл зэрэг энэ бүгдийг тооцож байж амьдралтай уялдсан олон асуудлыг цогцоор шийдэх ёстой. Өмнөх хуулиудад энэ бүгдийг тооцсон уу гэвэл тооцсон. Гэхдээ дутуу дулимаг, тухайн үеийн улстөрийн өнцгөөс харсан. Тийм учраас нэг ёсондоо одооны хэрэгжиж буй хууль маань олон зөрчилтэй асуудлыг бий болгосон. Шинэ хуулиар энэ бүх алдааг засах хэрэгтэй.
–Дубайн гэрээг өөрчлөх чимээ сонсогдож эхэллээ. Та бүхэн энэ талаар ямархуу яриа өрнүүлж байна даа?
-Дубайн гэрэг өөрчлөх нь гарцаагүй. Засгийн өмнө тулгамдаж байгаа том асуудлын нэг гэж хувь хүнийхээ хувьд харж байгаа. Гэхдээ улстөрийн нөхцөл байдал гэх мэт олон асуудлыг давж туулах ёстой байх. Хамгийн гол нь аль аль талынх нь эрх ашиг хөндөгдөх сэдэв учраас хоёр талын эрх ашгийг хөндөж тавьж байж асуудал шийдэгдэнэ гэж би хувьдаа харж байгаа.
-Гэрээг байгуулсан тухайн үеийн эрх баригчид “Дубайн гэрээг үзэглэснээр Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа эхэлсэн” гэж тайлбарладаг. Харин нөгөө тал нь Монголд хохиролтой гэрээ болсон гэж мэтгэдэг. Одоо л учир нь тайлагдах болов уу гэж найдах юм?
-Мэргэжлийн олон судлаач, эрдэмтийн тооцоолол энэ тэрээс харахад Монгол Улс ашиг хүртэх хугацаа нь нэлээд хойшилсон тал байгаа. 34 хувьтай холбоотой гэх мэт. Нөгөө талдаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардал гэрээ хэлэлцээрт туссанаас өсөөд байгаагаас шууд хамааралтай асуудал ч бий. Үүнийг олон талаас нь маш их анализ хийж байж ярих байх. Миний хувьд Оюу толгойн гэрээнээс хол учраас ярих нь илүүц. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн байр суурийг сонсч, хоёр талд үр ашигтай тэр зарчмыг хангах шийдэлд хүрэх нь ашигтай гэж боддог доо.
Д.Лхагвадорж