Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд Д.Сумъяа ялагдан тэмцээнээ дуусгасан бол Ц.Цогтбаатар эхний учраагаа ялав.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, өрсөлдөгчөө этэж унаган, дарснаар цэвэр /иппон/ ялж 1/16-д шалгарлаа.
Тэрбээр дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын хэн ялсантай барилдах юм.
Түүний хэсэгт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга Шведийн Томми Масиас байгаа. Цогтоо, Масиас хоёр хэсгийн аваргын төлөө барилдах нь бараг л тодорхой байгаа юм.
Харин монголчуудын найдвар тавьж байсан олимпын мөнгөн Д.Сумъяа эхний барилдаандаа ялагдал хүлээн тэмцээнээ дуусгав. Европ тивийн аваргын мөнгөн медальт Словенийн К.Кайзер барилдаан дөнгөж эхэлмэгц тохох мэх хийж вазари үнэлгээ авснаар манай жүдочийг ялж, олимпын тэнгэр Д.Сумъяад боломж олгосонгүй хатуурхав гэж МОНЦАМЭ мэдээллээ.