Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх ажээ. (УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)