Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.
2021 онд Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо. Үе үеийн ахмадын байгууллагын нийгэмд гүйцэтгэж ирсэн ажлуудын талаар та тоймлон ярина уу?
-Монголын үе үеийн ахмад буурлууд 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулж улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь насаа зориулсны зэрэгцээ хоцрогдсон Монгол оронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн үсрэнгүй хөгжлийг бий болгох, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, хоршоолол, нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж, атар газар эзэмших, Ази тивд анх удаа тайван замаар зах зээлийн нийгэмд шилжих, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль баталж өнөөгийн нийгмийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан. Энэхүү түүхэн замналыг туулахдаа Монголын үе үеийн ахмадын байгууллага ахмадуудынхаа эрч хүч, ажлын баялаг туршлагыг хөгжил дэвшилд чиглүүлэн тэднийхээ амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх, төр засгаас олон төрлийн хууль тогтоомж гаргуулахад идэвх санаачилгатай оролцсоноор 90 гаруй жилийн түүхийг бүтээсэн билээ. Монголын ахмадын холбоо төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, насжилтын талаар нийгэмд эерэг хандлага, зан байдлыг бий болгох, Ахмад настны бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмадуудын аж байдлыг судлан дүгнэж санал гаргах, ахмадуудын санал бодлыг сонсох, амьжиргааны түвшингээс доош амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сурталчилах зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулан олон төрлийн ажил зохион байгуулж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Ахмад настны тухай бие даасан хууль баталж, мөрдүүлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталж, төр захиргаа, аж ахуй нэгж, байгууллагын чиглэлийг тодорхойлж өгснөөр ахмад настнуудын төлөө тавих анхаарал халамжууд, тусламж үйлчилгээ баталгаатай болсон юм. Хамгийн гол нь эдгээр эрс өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг дагаад ахмад настнуудын урам зориг сэргэж, уг хуулийг хэрэгжүүлэхэд ахмадын төв орон нутгийн идэвхтэн сонгуультнууд идэвх зүтгэлтэй ажиллаж амжилтад хүрсээр байна. Өнөөдөр 330 сум, 1500 гаруй баг, аж ахуй нэгж байгууллагын салбар нэгжүүд, 440 гаруй ахмадын өргөө ордон танхимд олон зуун идэвхтэн сонгуультан ажиллаж ахмадууддаа анхаарал тавьж соёл, урлаг, спортын арга хэмжээ зохиох, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх зэрэг олон төрлийн ажил зохион байгуулан ажиллаж байна.
Та Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар олон жил ажилласан. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа нийгмийн чанартай нэлээдгүй хууль санаачлан батлуулж байсан хүн. Энэ утгаараа Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоход асуудлыг нийгмийн талаас нь харахад хялбар байсан уу? Гэхдээ ямар ч байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн чадавхи дээр тогтдог. Энэ утгаараа бэрхшээл байсан биз?
-Миний бие 2012 оны есдүгээр сард Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байлаа. Ахмадын ууган байгууллагад үзүүлдэг төр засгийн дэмжлэг зогсч, санхүүжилт нь Монголын ахмадын чөлөөт холбоо гэгчид шилжсэн юм. Санхүүжилт байхгүйгээс Монголын ахмадын төв орон нутгийн байгууллагуудын төлөвлөсөн ажлууд дөрвөн жил тасарч, хүч нь суларч, ажил нь цалгардсан билээ. Ахмадууд ч талцан хуваагдах болсон. Харин 2016 оноос Монголын ахмадын холбоо, түүний салбар нэгжүүд дахин Монгол Улсын Засгийн газар, аймаг орон нутгийн засаг дарга нартай гэрээ байгуулж зохих санхүүгийн дэмжлэг авч ажиллах боломж бүрдсэн. Ингэснээр орон нутгийн ахмадын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, ахмадын талаар төр засгаас тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах бололцоо бий болж долоон жил шахам хугацаанд ахмадын байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж ажил нь тогтмолжин сайжирсаар байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Ахмад настнуудын Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж, “Ахмад настны хөгжил хамгаалал” сэдвийн дор ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж уриалга гаргасан нь өнөөдөр ч үр дүнгээ өгч амжилттай хэрэгжиж байна.
Ахмадын байгууллагын үйл ажиллагаа сэргэснээр ахмад руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч эхэлсэн гэлээ. Та цөөн баримт дурдана уу?
-Ахмад настны тухай хуульд ахмадын байгууллагыг бэхжүүлэх тусгайлсан заалт орсонтой холбогдуулж нийт аймаг, сумдад ахмадын ордон, өргөө, танхим олноор байгуулагдаж, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг туслалцаа, иргэдийн оролцоотойгоор ахмадын хороо, зөвлөлийн материаллаг бааз бэхжиж, орчин үеийн хөгжил дэвшилтэй уялдаж компьютер, тоног төхөөрөмжөөр зохих түвшинд хангагдлаа. Ахмад настны холбогдолтой хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрүүдийг цахимаар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилан таниулах ажлууд эрчимтэй хийгдэж байна. 2021 онд “Ажил төлөвлөх чадвар”, “Хүмүүсээ хэрхэн сэдэвжүүлэх вэ”, “Ажил даалгах чадвар”, “Манлайлагч хүний 5 дадал”, “Итгэл үнэмшил-Сэтгэлийн амар амгалан”, “Эрүүл насжилт-Амьдралын чанар” зэрэг ахмад настнуудад зориулсан олон удаагийн цахим сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд хамрагдсан ахмадууддаа дижитал сертификат гардуулж өглөө. Мөн Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллагатай хамтран хэд хэдэн сургалт зохион байгуулсан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ахмад настанд эрхээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх Сургагч багш бэлтгэх сургалтыг (2021 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд) халдвар, хамгааллын дэглэм журмын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулж, оролцогч нарт “Сургагч багш”-ийн гэрчилгээ олголоо. Цар тахлын хүнд хэцүү үед ахмадуудаа идэвхжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах, дэмжих олон талт сургалт, сурталчилгааны ажил явагдаж байгаад ахмадууд талархаж байна. Ер нь ахмадын төв орон нутгийн байгууллагуудыг төрөөс дэмжээд ирэхээр ахмадуудад руу чиглэсэн бодлого, шийдвэр тодорхой болох нь зүйн хэрэг л дээ. Тухайлбал, ахмадуудын амьдрал ахуй нь ямар байна вэ, асрамж шаардлагатай ахмад хүн хичнээн байна вэ, хүний асрамжинд байгаа, эрх нь зөрчигдсөн, орон гэргүй хэчнээн ахмад настан байна вэ гэх мэт тодорхой асуудлуудад анхаарал хандуулж нийгмийн халамжийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Түүнээс гадна ахмад настны туршлага, ажлын мэдлэг чадварыг залуу үедээ өвлүүлэх зорилтын хүрээнд хөдөлмөрийн чадвартай, ажиллах хүсэл эрмэлзлэлтэй ахмадуудтай хамтарч ажиллах ажлыг сүүлийн үед зохион байгуулж, ялангуяа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ахмадын төв, орон нутгийн байгууллагууд хэрэгжүүлж эхэлснээр 700 гаруй ахмад мэргэжилтэн бүртгэгдэж, олон зуун залуу ажилтнуудад ажлын туршлага эзэмшүүлэх, тэдэнд зааж сургах ажил эрчимтэй явагдаж байна. 2021 онд ахмадын шат шатны байгууллагууд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хөгжлийн талаар тусгасан зорилтууд, Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, орон нутгийн төр захиргааны байгууллагаас гаргасан “Ахмадын ач санах хөтөлбөр” болон ахмадын насжилтын асуудлыг тайлбарлан таниулах ажлыг танхимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нөлөөллийн арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулав. Ахмад настнуудын оршин суугаа хаяг, амьдрал ахуй, нийгмийн оролцооны талаарх нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинээр бүрдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, иж бүрэн судалгаа, бүртгэлтэй болоод байна. Монголын ахмадын байгууллагын анхаарлын төвд байдаг нэг чухал асуудал бол тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх асуудал. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас ахмад настнуудын бухимдал ихэсч, улмаар төр засагт шаардлага тавих талаар Монголын ахмадын холбоонд байнга санал хүсэлт ирүүлсээр байна. Үүнийг үндэслэн саяхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт хандан тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар шаардлага хүргүүлээд байна. Энэ дашрамд хэлэхэд Монголын ахмадууд төр засгаас тухайн цаг үед зохион байгуулж байгаа ажилд байнга идэвхтэй оролцсоор ирсэн билээ. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлснийг Монголын ахмадын байгууллагууд, ахмадууд талархан хүлээн авч Төрийн тэргүүнд хандаж тэрбум мод тарих уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлж ой, мод үржүүлэг, усны хангамжийн чиглэлээр мэргэшсэн ахмадуудыг судалж мод тарих үйлст татан оролцуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд та бүхэн ямар ямар ажил санаачлан хэрэгжүүлсэн бэ. Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн ажиллав?
-Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч, уг ойн хүрээнд бүтэн жилийн турш зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. 90 жилийн хүрээнд ахмад настны чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, төв орон нутгийн радио, телевизээр өргөн сурталчлах, ахмадуудын сэтгэл санааг өөдрөг байлгах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулснаас гадна 90 жилийн ойн хүрээнд ахмадын төв, орон нутгийн байгууллагын салбар нэгжүүдийн дунд номинацаар уралдаан зарлаж дүгнэсэн нь тэдний идэвх санаачилгыг өрнүүлсэн чухал арга хэмжээ болсон юм. Ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Ахмадын байгууллагын хүндэтгэлийн чуулган” зохион байгуулж, уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа илтгэл, мэндчилгээ хүргэж, нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд олон зуун ахмадууд талархалаа илэрхийлээд байна. Төв, орон нутгийн ахмадын байгууллагууд 2021 онд 90 жилийн ойгоо угтаж 1200 бүтээлч ажил хийхээр төлөвлөж түүнийгээ амжилттай биелүүллээ. 90 жилийн ой угтсан бүтээлч ажлуудаас дурдвал, Булган аймгийн ахмадын хорооны “Ахмадын ордон”-ы барилгыг улсын комисс хүлээн авч тус аймгийн Засаг дарга, Тамгын газар, түүний харьяа хэлтсүүд “Ахмадын ордон”-ы дотоод тохижилтыг их бүрэн хийхээр болж, 2022 оны үйл ажиллагааны зардалд нь 80 сая төгрөг баталсан байна. Сэлэнгэ аймгийн ахмадын хороо “Монгол ёс заншлын өргөө-Ахмадын хөгжлийн төв”-ийн барилгыг шинээр ашиглалтад оруулж нээлтийг нь хийсэн бол Дундговь аймгийн ахмадын хорооны “Ахмадын ордон”-ы барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахад шаардагдах 340 сая төгрөг нь батлагдаж, Аймгийн Засаг дарга “Ахмадын ордон”-ы дотоод тавилга, тохижилтын асуудалд 145 сая төгрөг олгохоор болоод байна. Мөн ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ахмадын хороо Ахмадын өргөөгөө иж бүрэн засварлан тохижуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багууд, Дундговь аймгийн Өндөршил сум, Төв аймгийн Аргалант сумдууд “Ахмадын танхим” шинээр ашиглалтад оруулж, Дархан-Уул аймгийн Ахмадын хороо “Ахмадын өргөө”-ндөө 52 сая төгрөгийн санхүүжилтээр их засварын ажлыг бүрэн хийж дуусгасан, мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ахмадын хороо 354.0 сая төгрөгөөр ахмадын өргөөндөө иж бүрэн их засварын ажил хийж, өрөө танхимыг нэмж, өргөтгөн 400 м.кв талбай бүхий 8 өрөөтэй болсон, Түмэнцогт сум ахмадын байрандаа өргөтгөл хийж, 24 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж авч үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсэн зэрэг бүтээлч олон төрлийн ажлыг ахмадын байгууллагууд амжуулж хэрэгжүүлээд байна. 90 жилийн ойн хүрээнд МАхХ-ны төв хэвлэл “Ахмад үе” сонины нийтлэлийн чанарыг сайжруулах, дугаарыг нь олшруулж ажлаа сурталчилах чиглэлээр мэдэгдэхүйц ахиц гаргаж ажиллалаа. 2021 онд нийт 45.500 хувь хэвлэж төв, орон нутгийн ахмадын байгууллагуудын ажлыг сурталчилж, мэдээллээ солилцож, туршлагаа хуваалцлаа. “Ахмадын алтан сургааль” цуврал номын эхний нэгдүгээр ботийг гаргалаа. Энэхүү номонд хот, хөдөөгийн 120 ахмадуудын ирүүлсэн бүтээлүүдээс 45-ыг нь сонгож эмхэтгэн хэвлүүлсэн юм.
Өргөн хэрэглээний үнэ өсч, ахмадуудын амьдрал улам хүндэрч сар шинэтэй манатай болоод байна. Тэтгэврийг нэмэгдүүлэх талаар МАхХ ямар байр суурь баримталж, ямар арга хэмжээ авч байна?
-2021 оны байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 360 шахам мянган ахмад настан тэтгэвэр авч, улсын дундаж тэтгэвэр 424,000 төгрөг, доод хэмжээ нь 300,000-350,000 төгрөг байгаа бөгөөд дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч энэ өчүүхэн бага орлогоор амьдрах аргагүйд хүрч байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифийн өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт, тэтгэвэр тогтоолгосон хугацаа зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар үүссэн тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас нийтдээ зургаан удаа шинэчлэн тогтоосон боловч хөрөнгийн эх үүсвэр байхгүй шалтгаанаар уг индексийг хэт багаар баталж байснаас тэтгэврийн зөрүүг арилгах бодитой арга хэмжээ болж чадаагүй юм. 1995 оноос өмнөх үеийн тэтгэврийн хэмжээ болон түүнээс хойших бүхий л үед тогтоосон тэтгэвэр /адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлс/-ийн түвшинд хүргэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрснийг өөрчлөх цаг болсон гэж Монголын ахмадын холбоо үзэж Төр засагт удаа дараа санал, шаардлага хүргүүлсэн боловч өдий болтол шийдвэрлэгдээгүй бөгөөд ахмадуудын бухимдал нь дээд цэгтээ хүрээд байна. Ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон тэтгэврийг нь нэмэгдүүлж, амьдралын баталгааг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтан бүрэн шийдвэрлэх, үүний тулд 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгосон цалинг 2100 орчим дахин нэмэгдүүлсэн итгэлцүүрээр өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодох тухай Засгийн газрын тогтоол гаргах, цалингийн доод хэмжээг 500000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр тогтоож, тэтгэврийн доод хэмжээг цалингийн доод хэмжээний 80 хувиас багагүй байх зарчим баримтлах, тухайн тэтгэвэр авагчийн 20-оос дээш жил ажилласан жил тутамд олгодог 1.5 хувийн нэмэгдлийг тэтгэврийн доод хэмжээн дээр нэмдэг болгож тэтгэврийг өөрчлөн бодох, тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж төсвийн тодотгол яаралтай хийх гэсэн шаардлагыг саяхан дахин хүргүүллээ. Ингээд Монгол орны өнцөг булан бүрт энх тунх амьдарч байгаа 350 гаруй мянган ахмад настан азай буурлууддаа усан бар жилийн Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ярилцсан Д.Лхагвадорж