Төмөр замын ашиглалтын инженер, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Рэнцэнхандын Батсүхтэй ярилцлаа.
-Та бол мэргэжлийн төмөр замчин. Төмөр замын дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд л шууд төмөр замд ажилд орж холбогчоос гүйцэтгэх захирал хүртэл хариуцлагатай ажил, албан тушаалд дэвшин ажилласан хүн. Бас Тайландад онол ном судалж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн төмөр замын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Ярилцлага авахын өмнө таны талаар тодорхой судалгаа хийсэн учраас л уншигчдад мэдээлэл өгөхөөр энэ бүхнийг товчхон дурдаж байгаа юм. Та Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам барих төслийг амжилттай удирдсан. Энэ сэдвээс ярилцлагаа эхэлбэл ямар бэ?
-Баярлалаа. Миний бие 2018 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2019 онд гүйцэтгэх захирлын албыг хүлээн авч, улмаар монголчууд өөрсдийнхөө хүчээр төмөр зам барих том төслийг удирдаж ажилласан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад тодорхой үүрэг даалгавар өгч, хэл ам, хэрэг зөрчилгүй маш хурдан шуурхай хичээж ажиллаж, ашиглалтад оруулах үүрэг болгож билээ. Бид ч богино хугацаанд нэлээд шаргуу хөдөлмөрлөж, ажлаа хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ гаднын ямар нэгэн инженер, техникийн туслалцаагүйгээр шинэ төмөр зам барьж байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол инженер, Монгол ажилтнууд төмөр замын төслийг маш богино хугацаанд өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэсэн. Урам зориг, зүтгэл сэтгэл байхад манай залуус уулыг даваад л нисээд буучих юм билээ /инээв/. Энэ талаар өмнө нь нэлээд дэлгэрэнгүй ярьж байсан. Энэ удаад та асуусан болохоор дахин хөндөж байгаадаа баяртай байна. Учир нь монголчуудад чадвар, бололцоо байгаа гэдгийг нотлон харуулсан сайхан үйл явц шүү.
-Төмөр зам бол мэдээж бахархам бүтээн байгуулалт. Гэхдээ аливаа сайны хажуугаар таагүй хэл ам гаргадаг нь зарим хүний хувьд гэм биш зан. Энэ утгаараа шинээр байгуулсан төмөр замыг хямд төсөр баригдсан гэдэг яриа цухалзаад авсныг та бүхэн анзаарсан уу?
-Хямд гэдэгтэй санал нийлэхгүй. Тухайн үед зураг төсөл, бүх тооцоо нь төсөвтэйгөө гарч ирээд, түүний дагуу л баригдсан төмөр зам шүү дээ. Өөрөөр хэлбэл, бодит өртөгөөр, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм, норматив зэрэг бүх шаардлагыг хангасан байгууламж гэж баттай хэлж чадна.
-Чанар гэснээс сүүлийн үед гарсан төмөр замын ослыг мөн л чанартай холбож үзэх хүн мэр сэр гарсан?
-Төмөр замчин хүний хувьд нэг зүйлийг дахиад батлая. Юу гэвэл манай шинэ төмөр замууд олон улсад болон манайд мөрдөгдөж байгаа бүх стандарт норм, нормативыг 100 хувь хангасан. Р-65 зам төмөртэй, дэлхийн номер нэг пандрол бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, чулуун чигжээстэй, хүнд даацын галт тэрэг тээвэр хийх бүхий л шаардлагыг хангасан гээд чанарын хувьд эргэлзэх хэрэггүй. Техник ашиглалтын дүрэм болон бусад бүх дүрэм, журмыг мөрдөж ажиллаж чадах юм бол аюулгүй байдлыг хангахгүй, чанаргүй гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үед мөрдөгдөх дүрэм журмыг зөрчих асуудлаас болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ямар нэгэн осол гологдол гарахаас бусдаар 100 хувь баталгаа өгч байна.
-Нэг ёсондоо аюулгүйн дүрэм журмыг зөрчиж, хариуцлага алдахгүй л бол осол гарахгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Төмөр зам бол өндөр сахилга бат, хариуцлага шаардсан салбар гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Манайхан ч хагас цэргийн байгууллага гэж ярьдаг.
-Төмөр замын сэдвээр ярилцлага хийхээр зарим нэг ном товхимол, хэвлэлийн материал харж байхад төмөр замын зэрэглэл гэдэг ухагдахуун анхаарал татсан? Манай төмөр замууд аль зэрэглэлд хамаарах вэ?
-Сүүлийн үед шинээр баригдсан манай төмөр замууд олон улсын болон Mонгол Улсын ачааны хүнд даацын төмөр замд хэрэглэгддэг бүхий л стандартын шаардлагыг хангасан. Нэг ёсондоо бүтцийн хувьд бүх зэрэглэлд нийцэж чадсан.
–Ингэхэд төмөр замын тээврийн хэдэн зэрэглэл байдаг юм бэ?
-Төмөр замыг 1-ээс 5 зэрэглэлд гэж ангилдаг. Энэ нь жилд тээвэрлэх ачааны хэмжээнээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, тээж нэвтрүүлэх хүчин чадлаас хамаараад ачааны, хүнд даацын төмөр замуудыг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэглэлийн гэж ангилдаг. Бүр тодруулбал, 30 сая, түүнээс дээш тонн ачаа тээвэрлэж байвал нэгдүгээр зэрэглэлийн замдаа ордог. Манай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 15 сая тонн ачааг эхний жилүүдэд тээвэрлэнэ гэж ТЭЗҮ-д тооцоолсон учир гуравдугаар зэрэглэлийн зам гэж үздэг. Түүнээс биш барилга байгууламжийн чанарын хувьд зэрэглэл буураагүй гэж ойлгож болно.
–Тухайн төмөр замын ашиглалт, аюулгүй байдлын дүрэм журмыг ханган биелүүлэхийн тулд энэ салбарыг зайлшгүй мэргэжлийн хүмүүс удирдах ёстой гэж бодох юм? Олон төмөр зам бий болчихлоо. Одоо л мэргэжлийн хүн шаардагдах учиртай мэт. Тэр тусмаа тээвэр зохион байгуулалтын асуудлыг мэргэжлийн хүн хариуцахгүй бол нөгөө аюулгүйн стандарт нь алдагдах бус уу? Хагалгааг мэс заслын эмч л хийдэг. Үүнтэй адилхан төмөр замын бодлого, үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүсгүйгээр төсөөлөх аргагүй гэж бодож байна?
-Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх нэг хэрэг. Хамгийн гол нь ашиглалтын хувьд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол хамгийн чухал асуудал. Байнгын хяналт шалгалт, зохион байгуулалтын бусад үйл ажиллагаа нь цэвэр мэргэжлийн хүний хийх ажил байдаг. Яахав, удирдлага, менежментийг мэргэжлийн бус хүмүүс хийж болох ч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийг нь эзэмшсэн, бас ч үгүй туршлага хуримтлуулсан, чадвартай хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Ялангуяа шинэ төмөр замын ажлыг зүгшрүүлэхэд мэргэжлийн чадварлаг төмөр замчидтай хамтарч ажиллахаас өөр аргагүй.
-Төмөр замын мэргэжлийн хүнтэй уулзсаных ярилцлагаа төмөр замын дэд бүтцийн ажил өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдэг асуултаар үргэлжлүүлье гэж бодож байна?
-Асуултад хариулахын өмнө манай чадварлаг инженер, техникийн ажилтан залуус гадаадынхныг оролцоогүйгээр өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чадна гэдгийн эхлэлийг тавьсан нэг жишээ бол төмөр зам барьсан явдал гэж дахин давтах нь зүйтэй болов уу.
-Дэд бүтэц хөгжил дагуулдаг. Энэ утгаараа шинэ төмөр замууд ашиглалтад орж байгаа нь улсын хөгжилд хамгийн чухал үр нөлөөтэй. Гэхдээ энэ төмөр замуудын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог хангах асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд ямар түвшинд байдаг вэ?
-Энэ бол яах аргагүй хөндөх ёстой, ярьж хэлэлцэж, шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байна. Төмөр замууд шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор суурь бүтцүүд хоорондын уялдаа холбоог зохицуулсан Төмөр замын тээврийн хууль тогтоомжийн эрх зүйн орчинд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцыг харж байхад төмөр замын тээврийн процессын эрх зүй орхигдсоныг шүүмжилж, Улаанбаатар төмөр замын монополийг задлан зах зээлийн зарчмаар ажиллуулж байж, өрсөлдөөн бий болгох, төмөр замын тээвэрт хөгжил авчрах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг нэлээд хэдэн гишүүн анхааруулж ярьж байна билээ. Өөрөөр хэлбэл, монополь байдал төмөр замын тээврийн салбарын хөгжил зөв гольдирлоор явахад тээг саад болж байна гэдгийг олж харсан төрийн түшээ олон байна гэсэн үг л дээ. Үүнийг энд зориуд онцлох нь зүйтэй гэж бодож байна.
-Төмөр замын тээврийн салбарыг зохицуулах хуулийг өөрчлөх шаардлага өнөөдөр тулгамдаж байна гэж таны ярианаас ойлголоо. Зөв үү?
–Тийм л дээ.Нийгмийн шинэ харилцаанд шилжиж байсан эхэн үед Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Энэхүү хууль ирээдүйг харсан гэхээсээ тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан төмөр замын тээврийг авч явсан байгууллагын мөрдөж байсан дүрэм, журам, норм норматив, үйл ажиллагаанд тулгуурлан боловсруулагдсан байдаг. Төмөр замын тээврийн салбарын гол зорилго бол тээвэр хийх, түүнийг аюулгүй гүйцэтгэх явдал. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг одоо үндсэндээ УБТЗ дангаар гүйцэтгэж байна.
Дээрх хэлсэн хуулийг 10 гаруй жил мөрдсөний эцэст зах зээлийн харилцаанд илүү нийцсэн, төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийг оруулж, өрсөлдөөн бий болгох боломж олгосон Төмөр замын тээврийн тухай хууль батлагдаж, тээвэрлэлтийн процедурын хэм хэмжээг зохицуулах хуулийн төсөл нь тодорхой учир шалтгааны улмаас буцаагдсан байдаг.Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсанаар тус салбарт нэг байгууллага төрийн чиг үүргийг, аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь гүйцэтгэж байсныг салган тусгаарлаж, өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр зам тээврийн бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгосноор эрх зүйн орчин сайжирсан. 2004 онд Төмөр замын агентлаг байгуулагдсан нь тус салбарт чанарын өөрчлөлтийг авчирсан гэж миний хувьд боддог.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд соц нийгмийн үеийн Үндсэн хуулиас шинэ Үндсэн хуульд шилжихтэй холбоотойгоор баталсан хавсралт хуульд тэр үеийн олон улсын гэрээ, хэлэлцээр шинэ Үндсэн хуульд харшилбал 199З онд багтаан өөрчилж шийдвэрлэх талаар заасан байдаг ч харамсалтай нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг байгуулсан 1949 оны гэрээ өнөөг хүртэл өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй байна. Энэ гэрээнийхээ дагуу УБТЗ ямар ч татварыг төлдөггүй. Энэ нь Үндсэн хуульд “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатай, болзолтойгоор ашиглуулж болно” гэснийг зөрчөөд байгаа юм. Нэг нь татвар төлдөггүй, нөгөөдүүл нь татвар төлөөд өрсөлдөхөөр шударга өрсөлдөөн гарах болов уу? Бод доо. Үүнийг л засах шаардлагатай гэж бид яриад байна. УБТЗ-ын татвар төлдөггүй нь сүүдэр дор шинээр бий болсон төмөр замууд газрын, хөдлөх бүрэлдэхүүний татвар төлдөггүй жишиг тогтчих вий.
-Ямар ч байсан Төмөр замын тээврийн тухай хууль гарснаар төрийн болон хувийн өмчит олон компани байгуулагдаж дээ? Гэхдээ хууль маань таны яриад байгаа монополийг задлах чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй хэрэг үү?
-Монополь гэдэг нь төрийн түшээдийн хэлсэн үг шүү. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсаны дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монгол алт МАК” ХХК, “Энержи ресурс” ХХК, “ТрансКон” ХХК зэрэг өөрийн өмчлөлийн, эзэмшлийн салбар төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгж байгуулагдсан. Гэтэл УБТЗ-ын эзэмшлийн суурь бүтцэд эдгээр компани өөрийн зүтгүүрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэхийг хориглосон шийдвэр гаргаж, өрсөлдөөний хууль зөрчин давамгай байдлаа хадгалсаар байгаа юм. Тухайн үедээ зүй ёсны монополь байсан. Одоо нөхцөл байдалд өөрчлөгдсөн байна шүү дээ. Бусдыг төмөр замын тээврийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, шахан гаргах, өрсөлдөх, ажил үйлчилгээ явуулах, бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ тариф тогтоох зэргийг хязгаарлаж, шуудхан хэлэхэд өрсөлдөөнийг бодитоор хясан боогдуулсан ноёлох үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж мэргэжлийнхэн үздэг.
-Шударга өрсөлдөөн бол зах зээлийн хамгийн чухал ухагдахуун. Харамсалтай нь хууль гарсан ч манайд төмөр замын тээврийн салбарт монопольт байдал ноёлсоор ирж. Одоо тэгээд яавал асуудал зах зээлийнхээ хуулийнхаа дагуу гольдиролдоо орох вэ?
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсан төмөр замуудыг барьж, дотоодын сүлжээг өргөж байна. Ачаа, тээврийн логистикийн терминал байгуулагдлаа. Одоо шинэ замуудаа олон улсын сүлжээнд холбох, аль зам нь улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр зам бэ гэдгийг тодорхой болгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн ч, хувийн ч, түншлэлийнх ч оролцох бололцоог хангасан хууль эрх зүйн шинэ зохицуулалт бүхий бизнесийн таатай орчин, бусад тээврийн төрөлтэй уялдсан, оновчтой тээврийн систем үгүйлэгдэж байна. Төмөр замын тээврийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд судалгаа, шинжилгээ, сургалт туршилтын байгууллагатай болох, дүрэм журам, стандарт, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна.
-Төмөр замын тээврийн тухай хуулийн гол дутагдалтай тал нь юу вэ? Ямар өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна вэ?
-Манай хуульчдын тайлбарлаж байгаагаар энэ хууль тус салбарын материаллаг эрх зүйг зохицуулсан хууль юм билээ. Өөр хэлбэл, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргийг тодорхойлсон, эзэмших, ашиглах, өмчлөх буюу захиран зарцуулах байдлаар нийгмийн харилцаанд оролцогч субъектүүдийн зан үйлийг зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээг цогц байдлаар хуульчилсан акт гэдгийм билээ.
Товчхондоо, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа буюу процессынхоос бусад хэм хэмжээнүүдийг эмхлэн заасан хууль гэж үзэж болно. Гэхдээ тус салбарын материаллаг эрх зүйг бүрэн зохицуулсан гэж үзэх боломжгүй л дээ. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын зам барилгын ажил гүйцэтгэх, төмөр замын объектод хяналт шалгалт, үзлэг хийх, хөдлөх бүрэлдэхүүнд оношлогоо үнэлгээ явуулах, хөдлөх бүрэлдэхүүнээс татвар хураамж авах, төмөр замын хөгжлийн бодлогыг тодорхойлох зэргийг хуульчлах асуудал хүлээгдэж байна. Цаг алдмааргүй байна.
-Тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалтын талаар тодруулна уу?
–Төмөр замын тээврийн салбарт процессын эрх зүйг тээвэрлэлтийн үйл ажиллагаа гэдгээр ойлгож болох юм. Жишээ болгоход Төмөр замын тээврийн тухай хуульд тээвэрлэгч захиалга, гэрээний дагуу өөрөө буюу бусад тээвэрлэгчээр дамжуулан тээвэрлэлтийг хэрэгжүүлэх эрх олгосон байдаг бол процессын хуулиар тээвэрлүүлэх ачааны захиалга хүлээн авах, тээвэрлэгчид хүлээлгэн өгөх, суурь бүтцийг сонгох, ачааны дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх, хүргэх хугацааг тооцоолох, ачааг тээвэрлэх, хүлээлгэн өгөх, ачаа гэмтсэн, муудсан тохиолдолд хэнд хариуцлага хүлээлгэх гэх мэт процедурын хэм хэмжээнд хэн, ямар эрх, үүрэг хүлээх, хэрэгжүүлэх дэс дараалал, дэг горимыг нарийвчлан тогтоох ёстой юм л даа.
-Тээвэрлэлтийн буюу процессын эрх зүйг хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?
–Манай Улсын төмөр замын тээврийн салбарт процессын эрх зүйг зохицуулсан хууль байхгүй байгаа нь өөр өөр эзэмшигч, ашиглагчтай шинээр баригдсан, баригдах төмөр замуудын хооронд галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын харилцан уялдааг хэрхэн ханган зохицуулах, түүгээр үйлчлүүлэх зорчигч, тээвэрлүүлэх ачааг хэрхэн солилцох, үнэ тариф, татвар хураамжийг хэрхэн тогтоох гэх зэрэг технологийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй, алдаа эндэгдэл, зөрчил, осол сүйрэл, маргаан гаргах магадлалыг өндөрсгөх сөрөг талтай байна.
-Мэргэжлийн хүний хувьд та асуудлыг нэлээд нарийн харж байх шиг. Энэ асуудалтай холбогдуулж гадаад орны жишээнээс татаж болох уу? Өндөр хөгжилтэй орны туршлагаас судалж, хууль эрхзүйн баримт бичигтээ тусгавал бидэнд ашигтай санагдах юм?
-Бололгүй яахав. Жишээ нь, Австралид анх уурхай дагасан бие биеэ даасан олон төмөр замууд баригдаж, зөвхөн өөрийн ачааг тээвэрлэж байсан нь сүүлдээ маш хүндрэлтэй тулгарсан байдаг. Хүндрэлээс гарахын тулд Үндсэн хуульдаа стратегийн ач холбогдол бүхий үндсэн хөрөнгө, объектуудыг тэгш зарчмаар бүгд ашиглах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Чухалд тооцогдсон төмөр замын суурь бүтцийг стратегийн ач холбогдол бүхий үндсэн хөрөнгийн жагсаалтад оруулснаар төмөр замын тээврийн салбарыг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх боломжийг олгосон байдаг. Нийтийн хэрэглээний зориулалтаар барьсан ачаа тээврийн төмөр замыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нээлттэй ашиглах эрхийн тогтолцоог нэвтрүүлж чаджээ. Манайхан үүнээс санаа авах хэрэгтэй байх.
-Олон чиглэлд төмөр замын суурь бүтэц баригдаж, түүнийг дагасан олон эзэмшигчид бий болгож байгаа өнөөгийн нөхцөлд тодорхой ямар зохицуулалтуудыг хангасан хууль эрх зүйн баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Олон улсын туршлага, Дэлхий банкнаас гаргасан “Төмөр замын тээврийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр төмөр замд хийгдэх өөрчлөлт” зөвлөмжид төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байхыг зөвлөсөн байдаг. Манайхан тээвэр хийж байж ашиг олно гэж хараад байна. Суурь бүтэц эзэмшигч замын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, тээвэрлэгчдийн хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр орлого тэднээс илүү олох боломжтой байдаг. Харин хөдлөх бүрэлдэхүүн хэний ч өмч байж болно. Хэн ч тээвэр хийж болно. Энэ бол зах зээлийн хууль. Суурь бүтцийн хувьд өөр. Тийм ч учраас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэж тусгайлан заасан байдгийг анхаарах ёстой юм.
Олон улс төмөр замын тээврийн салбарын үйл ажиллагааг 3-5, түүнээс ч олон хуулиар зохицуулдаг юм билээ. Бие даасан хуулиуд байх нь харилцаа тус бүрийг илүү нарийвчлан зохицуулах, хууль хэрэглээг хялбар, ойлгомжтой болгох давуу талтай л даа. ОХУ л гэхэд “Төмөр замын тээврийн тухай” хууль, “Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн тухай” хууль, “Төмөр замын аюулгүй байдлын тухай” хууль 2002 оноос хойш үйлчилж, энэ салбарын харилцааг зохицуулж байна. Энэ нь тус салбарт өрсөлдөөн бий болгох үүд хаалга нээлттэй байна гэсэн үг шүү дээ.
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй харьцаж, тэдгээрийн ачаа барааг зохих газраас заасан газарт нь зохих хугацаанд, аюулгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж хүргэж өгөх зорилготой, гадагшаа чиглэсэн үйлчилгээтэй салбар гэдгийг онцлоод товчхон өөрийн санаа бодлыг хэлэхэд:
Нэгдүгээрт, “Төмөр замын зам барилгын тухай” хууль байх, эс бөгөөс “Төмөр замын тээврийн тухай хууль”-д тусгайлан бүлэг нэмж оруулах,
Хоёрдугаарт, суурь бүтэц хоорондын болон суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн хоорондох харилцаа, галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, зохицуулах, сэлгээ хийх, төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, үнэ тариф тогтоох, харилцан хүлээн зөвшөөрөх, шинээр байгуулагдсан төмөр замуудын өртөөдийг олон улсад зарлах зэрэг процессын эрх зүйг зохицуулах “Төмөр замын тээвэрлэлтийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж яаралтай батлуулах,
Гуравдугаарт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлох, осол гологдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих, учирсан сүйрэл, осол, гологдлын шалтгааныг шинжлэн судлах, мэргэжлийн дүгнэлт гаргах, техникийн хяналт үзлэг хийх, оношлох, төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотойгоор объект, үйл ажиллагаанд гэрчилгээжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох зэргийг зохицуулах “Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль” зэрэг багц хууль байж болох юм.
Төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, үйл ажиллагааны онцлогтой холбоотой иргэний эрх зүйн олон талт өргөн харилцааг тус салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулснаар шийдвэрлэж чадна л гэж үзэж байна.
-Холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар та нэлээд тодорхой ярилаа. Гэхдээ хууль тогтоох хүрээнд асуудал ямар шатанд яригдаж байна вэ? Цаг алдахын сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын гишүүн сайдтай болсон. Хууль маань хэлэлцэх эсэх нь дэмжигдчихсэн болохоор хугацаа алдахгүй байх. Тэгээд ч энэ цаг үе хууль гаргахыг шаардаад байна л даа.
Ярилцсан Д.Лхагвадорж