Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулж МАН-аас улстөрийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоохоор болсон билээ. Харин Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж улстөрийн аллагад буруутгасан АН-ын нэр бүхий улстөрчдийг шүүхэд өгч, улмаар сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэсэн юм.
Гэхдээ үдээс хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-д хандаж, нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны ажлыг зогсоох талаар албан тоотыг хүргүүллээ.
Д.Амарбаясгалан “Бид Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг цааш нь үргэлжлүүлэхгүй байх, сонгуулийн кампанит ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ цаг үед бид ёс зүйтэй байх шаардлагатай. Гэтэл АН-аас золгүй үйл явдлаар улстөр хийж, нэр дэвшигчийг захиалга өгч, хүний аминд хүрсэн мэтээр улс төржүүлж байгааг манай намын зүгээс эрс буруушааж байна. Ийм турхиралт нь үндэсний эв нэгдэлд цөв суулгах аюултай. Тийм ч учраас улстөрийн хүчнүүдэд хандаж хариуцлагатай, ёс зүйтэй сонгуулийг зохион байгуулахыг уриалж байна. АН-аас уг хэргийг улстөрийн аллага гэж нэрлэж, нэр дэвшигчийг захиалга өгч аллага үйлдүүлсэн мэтээр цагаандаа гарсан мэдэгдэл хийж байгааг эрс буруушааж байна. МАН-ын хувьд системийн авлигачтай, бүлэглэлтэй хийх тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно” гэлээ.
Д.Дорж