1990 он. Дэлгүүрийн лангуу хоосон. Давс л байх. Гэхдээ төд удалгүй төрөл бүрийн бараа элбэгшив. Энэ бол хойшоо, урагшаа явж өдөр, шөнөгүй гахай үүрэх ганзагын наймаачдын гавьяа. Тэдэн дотроос одоогийн үндэсний хөрөнгөтнүүд, баялаг бүтээгчид төрөн гарсан нь олон. “Буянгийн” Жаргалсайхан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс ч зах зээл эхэлж байхад бараа зөөж, бараан зах дээр зогсч байсан гэдэг.
Тухайн үеийн ганзагын наймаачид хожим нь олсон хэдэн төгрөгөө үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүү, барилга, уул уурхайн салбар руу оруулснаар бизнесийн цоо шинэ орчин бүрэлдэж, бизнесмэн гэдэг ухагдахуун жинхэнэ утгаараа төлөвшиж эхлэх нь тэр ээ. Улс орны хөгжил дэвшил, ирээдүйн төлөв байдал эдийн засгийн чадавхиас хамаарах нь дамжиггүй. Эдийн засаг бол улсын тулгуур багана, оршин тогтнох үндэс. Энэ үүднээс бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчдээ дэмжих нь төрийн үүрэг. Бизнест хөл тавьсан залуусын бүтээн байгуулах их ажлын зам дардан байгаагүйг мэдэхгүй хүн үгүй. Тэдэнд тулгарч байсан амаргүй бэрхшээл одоо ч байсаар байгаад гол асуудал байгаа юм. Татвар, мэргэжлийн хяналт шалгалт, зээлийн механизм, хууль эрхзүй гээд олон талаасаа бизнесийн орчинг сайжруулах шаардлага байсаар байна. Ийм үед Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ шиг бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалсан, тэдний дуу хоолой болж байгаа байгууллага ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. МҮХАҮТ Монголын бизнесийн төлөв байдалд мэдрэмжтэй, Олон улсын жишигтэй харьцуулсан шинжлэх ухаанч судалгаа хийж төр засагт зөвөөр нөлөөлөх бодлого явуулж байгаа нь олз.
Гаднаас бараа оруулж ирж хэд нугалж зарах биш дотооддоо үйлдвэрлэх нь эдийн засгийн хараат бус байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл. Наад зах нь нэг аж ахуйн нэгжийн ард хэчнээн хүний ажил, амьдрал байгаа билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе шиг төр үйлдвэр байгуулж, эрсдлийг нь хариуцаад явах тухай ойлголт тогтолцооны хувьд ч, сэтгэлгээний хувьд ч өнөөдөр байхгүй. Тийм хандлагыг хүлээж авах нийгмийн ухамсар сэтгэхүй ард хоцорсон. Бас бүх хүн төрд ажиллах боломж бүр ч байхгүй. Дийлэнх боломж, чадавх бизнемсэнүүдэд байна. Тийм ч учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бизнесмэнүүд та нар бол энэ улсыг өдий зэрэгтэй авч яваа баатрууд” гэж хэлсэн нь зүгээр “попорсон” хэрэг огт биш. Засгийн газрын тэргүүний хувьд бодлоготойгоор онцолсон үгний цаана “Цаашдаа ч бизнес эрхлэгчид энэ улс орныг авч явна. Хамгийн гол нь ажиллаж бүтээх таатай орчныг нь төр засаг бүрдүүлж өгөх ёстой” гэсэн санаа тод харагдсан.
Бизнес эрхлэгчдийн хувьд МҮХАҮТ-ын гишүүнчлэлд хамрагдах нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх алтан боломж юм. МҮХАҮТ-ын гишүүн болсноор эхлээд бизнесийн хууль эрхзүйн ба бодлогын баримт бичгийн төсөлд санал өгөх, бодлогын чиглэлээр уулзалт хэлэлцүүлэгт оролцох, салбарын өмнө нийтлэг тулгарч байгаа асуудлаар санал гаргах, танхимын дэргэдэх зөвлөлүүдэд орж ажиллах, бизнесийн орчны судалгаанд хамрагдах, судалгааны тайлан авах боломжтой болно. Мөн төслийн баримт бичиг боловсруулахад аргазүйн зөвлөгөө авах эрх бүрдэнэ. Зөвхөн энэ ганц хоёрхон тодорхой жишээнээс бизнес эрхлэгчийн хувьд ажил хэрэгч нөхцөл байдлаа дээшлүүлж, одоо байгаа түвшингээ ахиулах боломж харагдахгүй байна гэж үү?
Д.Лхагвадорж