Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Тээвэрлэлтийг онцгой нөхцөлд явуулахтай холбоотой заавар, журам боловсруулж аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэр хийж байгаа иргэдээ халдварт өвчинд өртүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлж, хяналт тавих болов. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр боллоо. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв. 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, мэдээллээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд ил тод хүргэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Гэрэл зургийг: Reuters