–Бизнес гэдэг чинь угаасаа адгууслаг шинжтэй зүйл-
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х. Цэвлээтэй зөвхөн эрүүл бие, саруул ухааны сэдвээр хөөрөлдөж байснаа сонирхуулая.
-Сэтгүүлч хүнийхээ хувьд та олон зүйлийг сонсч мэдсэн байх. Монголчууд бид цөөхүүлээ. Яавал урт наслах вэ?
-Ямар ч хүн урт наслахын төлөө төрдөг. Зорьсондоо хүрдэг нь ч бий л байх, бас хүрдэггүй нь ч байдаг. Санаагаар болох биш дээ. Гэхдээ эрүүл саруул, урт удаан амьдрах нь амьдралын хэвшилтэй холбоотой. Гол нь орчин. Хамгийн анхны орчин бол эхийн сүү юм. Хүүхдийг ядаж гурван нас хүртэл нь хөхөөрөө хооллох ёстой. Би тав хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөн. Эхийнхээ сүүгээр дамжуулан уургаа бүрэн авсан хүүхдийн тархи бүрэн хөгждөг. Яс нь гүйцэт бэхждэг. Гэтэл орчин үед хүний яс бараг түүхий өндөг шиг болж. Үүнийг би эхийхээ сүүг хангалттай хөхөөгүйгээс болсонтой холбож үздэг. Сүүлийн үеийн эхчүүд хүүхдээ хөхүүлэхээс дургүйцээд байх юм. Тэгээд байхаар яаж сүү орох вэ дээ. Зарим нь бүр шувуу шиг гээч. Хөхөнд нь сүү байхгүй. Үр хүүдээ урт наслаасай гэж эх хүн болгон хүсдэг нь мэдээж. Ингэхийн тулд хөхөө харамлах хэрэггүй л байхгүй юу.
-Нас хэвийсэн ч хөнгөн шингэн байхыг хүсэхгүй хэн байх билээ. Тэр хүмүүст та юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Байнгын хөдөлгөөн. Нас явчихлаа гээд хэвтээд байж болохгүй. Багаасаас л гүйж харайж сурах хэрэгтэй. Залуудаа залхуурч залхуурчихаад нас хэвийгээд, өвчин ороогоод ирэхээр сая ухаан орсон юм шиг дасгал хийгээд эхэлбэл олигтой биш. Би багадаа маш их явган явдаг байсан. Уул толгод дамжаад л тарвагачилж өгдөг байлаа. Хожим нас биед хүрсэн хойноо ч явган их явсан даа. Гурван өртөө газрыг хоёр зээрдээрээ туулж байсан юм. Баянхонгор аймагт сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга байдаа баахан залуус дагуулан нэг сумаас нөгөө сум руу хэд хэдэн удаа явган маршалсан удаатай.
-Одооны зарим залуусын хувьд санаанд багтамгүй л их алхаж байсан байна. Ер нь сонирхолтой дурсамж байна. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй яриач?
-1955 онд Галуут сумаас Мандал сум хүртэлх 60 км газрыг 30-аад залуустай шөнөжин алхаж туулж билээ. Гар бөмбөгийн тэмцээнд оролцох гэж тэр л дээ. Тэгээд ч тухайн үед угаасаа спорт гэдэг утгаар явган явахыг дэмждэг, шаарддаг байсан юм. Хөгжилтэй нь биднийг явганаар ирж байна уу, үгүй юу гэдгийг нөгөө сумын залуус холоос тагнадаг байсан юм.
-Тийм хол зайд алхахаар ядардаг л байсан байх даа. Гол нь алжаал ядаргаагаа зам зуураа яаж тайлж, амардаг байсан бэ?
-Сүртэй ядардаггүй байсан санагдана. Нас залуу, тэгээд ч олуулаа шуугилдаад хөгжилдөөд явахад газар амархан хорно. Хамгийн бахархмаар нь бид шөнөжин алхаж Мандал суманд хүрчихээд бараг амралгүй гар бөмбөгийн тэмцээндээ оролцож байлаа. Арга хэмжээ дуусаад буцаад л алхачихна. Тэгж их явган явж, уралдаан тэмцээнд оролцож байсны хүчинд өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог. Түүнээс гадна аливаа хүн төрсөн нутагтаа очиж байх хэрэгтэй. Бид чинь унасан газар, угаасан усныхаа эс ширхэг шүү дээ. Нэг ёсондоо амьд шороо. Тэгэхлээр төрсөн нутгийнхаа газар шорооноос цэнэг авч байх ёстой.
-Монгол хүний дундаж наслалт багассан талаар ярьж бичих боллоо. Харамсалтай хэрэг шүү. Учир шалтгааныг нь юунаас хайвал онох вэ?
-Миний бодлоор эхний шалтгаан нь дээр хэлсэн хүүхдээ багаас нь хөхөөрөө хооллоогүйтэй холбоотой. Хоёрдугаарт, монголчуудын илүүдэл хэрэглээнээс болж байгаа юм. Тэр бол ерөө архи, тамхи. Яаралтай архи, тамхины орчинг хумихгүй бол байдал бүр дордоно. Эрүүл аж төрөх ёсны тухай ярихыг хүсч байвал эрүүл ухаантай амьдрах сэдвийг хөндөх хэрэгтэй. Архи, тамхи хүнийг хагас ухаантай болгож байна. Харамсалтай нь бизнесийн эрх ашгийг дийлэхгүй байна. Хэсэг бүлэг хүнд мөнгө хэрэгтэй бол ард түмэнд эрүүл мэнд, амь нас хэрэгтэй шүү дээ. Бизнес гэдэг чинь угаасаа адгууслаг шинжтэй зүйл. Байгаль, адгуус зөвхөн өөрийгөө л боддог. Бизнес яг ийм хуультай. Хүнд байдаг өрөвдөх энэрэх сэтгэл цох хорхойнд байхгүй биз дээ. Өрөвдөх мэдрэмжгүй юм чинь бусдадаа туслана гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, байгальд чадаж байгаа нь амьдраад, сул дорой нь цэвэрлэгдээд явах хууль үйлчилдэг. Гэтэл хүн амьдралын өөр философитой. Жинхэнэ хүн юм бол хүнээ л бодох ёстой. Хүний энэ шинжийг бизнес устгаад байна. Монголчуудын эрүүл мэнд муудаад, насжилт багасаад байгаагийн шалтгаан нь хүн хүнээ бодохоо больсонд байгаа юм. Архи, тамхи хоёрын бизнесийн эрх ашиг нь дийлээд хүнийг авран өмгөөлөх эзэн, хүчин зүйл алга болжээ.
Д.Лхагвадорж