Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Түүнээс гадна Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх саналыг прокуророос тавиад байгаа бөгөөд өнөөдөр уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэx юм. Энэ талаар бүлгийн гишүүдээс санал бодлыг нь сонсох гэсэн боловч хурлын шийдвэр гартал байр сууриа илэрхийлэх хүн цөөн байв. “Үүрэгт ажлаас нь огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан мөртөө УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх шаардлагагүй гэвэл олон нийтэд нэр хүндээ улам унагах эрсдэлтэй” гэдэг байр суурь бүлгийн гишүүдийн дунд давамгайлбал байдал өөрөөр эргэх нь дамжиггүй. Сайдаас нь чөлөөлөх хангалттай гэдэг “энэрэнгүй” хандлага ч хүч түрэхийг үгүйсгэхгүй.
Юутай ч эрх баригч МАН сүүлийн үед нийгмийг шуугиулаад байгаа УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудалд нэлээд шуурхай хандаж байгаа бололтой. Дашрамд дурдахад ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан гишүүд мөнгөө эргүүлэн төлж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
С.Болд