Өнөөдрийн жагсаалд өмнөхөөсөө ч олон хүн цугларлаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар жагсагчдын төлөөллийн хамт Төрийн ордонд орж УИХ-ын даргатай уулзаж шаардлага гардуулжээ. Харин М.Энхболд хариуд нь өөрийн хүсэлтээр огцрох боломжгүй. Хуулийн дагуу огцорч болно гээд хариу тайлбарыг өгчээ. Үүнийг нь жагсаал зохион байгуулагч гишүүд хүлээж авалгүй гарчээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын ярьснаар бол энэ үеэр жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрсан нь анхаарал татаж байгаа юм. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай бүс учраас тусгай албаны ажилтнууд асуудлыг таслан зогсоосон юм байх. Юутай ч хоёр тал хэл амаа ололцоогүй аж. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай зарлан хуралдуулах зарлига гаргав.
М.Энхболдын хувьд “Хууль бусаар биш хуулийн дагуу УИХ-ын даргын ажлаа өгөхөд бэлэн байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өчигдөр ТББХ-ны гишүүдийн 100% саналаар хэлэлцэхийг дэмжсэн. Би дэмжиж байгаа. Гишүүд, жагсагчдад 3 хуудас шаардлагын хариуг өгсөн ч тэд хүлээж аваагүй гарсан’ хэмээн жиргээд амжив. Үүнээс үзвэл тэрбээр Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан нөхцөлд албан тушаалаа өгөх бодолтой байгаа аж. Яг одоо төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлахаар 50 гэр барьж байна.
Д.Лхагва