Монголбанк өнөөдөр “Капитал” банкыг татан буулгах шийдвэр гарсныг албан ёсоор мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд тус банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрснийг Монголбанк мэдэгдэв.
Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банкаар дамжуулан олгох юм байна. 2018 оны 12 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн битүүмжилсэн гэх мэдээлэл тархаж, түүнтэй холбогдуулан тус банк шуурхай мэдэгдэл гаргаж байсан юм. Уг мэдэгдлээрээ “Банкны дамжуулан олгосон төсөл хөтөлбөрийн зээлийн зориулалт, материалыг холбогдох хууль, хяналтын байгууллагаас шалгалт хийгдсэн. Гэвч энэхүү үйл ажиллагааны талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар ч үндэслэлгүйгээр банкны төв байрыг битүүмжилсэн гэх худал, гүжирдлэгийн шинж чанартай мэдээллийг нийтэд түгээж байгаад бидний зүгээс маш их харамсаж байна. Иймээс “Капитал” банкны эрхэм харилцагчид, хадгаламж эзэмшигчид та бүхэн үнэн зөв мэдээлэлтэй байж, элдэв худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа нягтлан үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээж ажиллана уу” хэмээн няцаалт хийж байсан ч байдал өнөөдөр ийм хэмжээнд хүрлээ.
Монголбанкны мэдэгдэл
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.
Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу.
МОНГОЛБАНК, ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ