ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.
Eрөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Mонголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, Oросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцоно.